Жагсаалыг 21:00 цагт албадан ТАРААНА гэж мэдэгдэв

Хүчирхийлэлд шилжиж болзошгүй цаашлаад төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаалыг 21.00 цагаас албадан тараах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарчээ.   Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр “Иргэдийнхээ тайван замаар жагсаал хийх эрхийг хүндэтгэж байна. Өнөөдрийн жагсаал Үндсэн хуулийн дагуу бүртгэл хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй байгаа. Энэ эрхийг хуулийн хүрээнд хийхийг уриалж байгаа юм. Жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл ажиглагдаж байна.

Нүүрсний хулгайд шалгагдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх удирдлагууд өмнөх алба хаагчдаа олон нийтийн сүлжээгээр жагсаалд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг татан оролцуулах төрийн эрхийн хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байгаа.

Шинэ жилийн арга хэмжээнд зориулсан гацуурыг шатаасан иргэдийг шалгахад мансуурах бодис хэрэглэсэн байсан. Далимдуулж хууль бус үйлдэл хийх, хууль бус үйлдлээ далдлах гэж жагсаал хийдэг болоод байна.

Залуусын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг сүүлийн үед олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд гуйвуулж, төрийн эрхийг хууль бусаар авахад турхирах, төрийн хамгаалалтад байгаа эд зүйлийг эвдэн сүйтгэх нөхцөл байдлууд үүсээд байна.

Бусад иргэдийн эрхийг зөрчих, амгалан тайван байдлыг алдуулах нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Үндсэн хуулийн 16-д заасан эрхээ эдлэхдээ Монгол Улсын ҮАБ-д заналхийлж, нийгмийг хохироохгүйгээр эдлэхийг залуусаасаа, жагсаалд оролцож байгаа иргэдээсээ хүсэж байна.

Насанд хүрээгүй хүүхдүүд мөн жагсаалд орж байна. Ар гэрийнхэн нь анхаарахгүй бол эмх замбараагүй байдал үүсэх, хатуу биет шидэх байдал гарч байгаа тул иргэд эрүүл мэндээр хохирч болзошгүй байна.

Алба хаагчид бэртсэн тохиолдол гарлаа. Иймээс хууль бус үйл ажиллагаанд татагдах орохгүй байхыг уриалж байна. Мөн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах уриалгыг хоёр цагийн турш хийнэ” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn