ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цагдаагийн Ерөнхий Газарт Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага тогтооно.
Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Иймд миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүн засагладаггүй хууль засагладаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Нүүрсний хулгайг гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй, албан тушаалтнууд холбогдсон байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосноор хэд, хэдэн асуудал тодорхой болж байна.
Нүүрстэй холбоотой хэрэг гэхээр гурван төрлийн зүйл яригддаг. Жагсаж байгаа иргэдэд хариулт өгөхийн тулд хууль хяналтын байгууллагаас мэдээлэл аваад та бүхэнд хүргэж байна. Нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотойгоор нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна.
Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс авлаа. “Эрдэнэс Тавантолгойн” захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, мөн тус компанийн н.Отгонжаргал, н. Нурлат, төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг, мөн тээвэртэй холбоотой, нүүрс гаргасан гэх асуудлаар Гаалийн ахлах байцаагч Эрдэнэбаяр, Доржжүгдэр нарыг шалгаж байна” гэв.