Катар-2022 ДАШТ-ий шөвгийн 16-ийн гурав, дөрөвдэх тоглолтууд боллоо.Дэлхийн аварга Францын шигшээ баг Польшийг 3:1-ээр хожсон бол, мөн дэлхийн аварга Англи, Сенегалыг 3:0-оор хожлоо.
Франц 3 – 1 Польш
Францчууд Роберт Левандовскигийн тэргүүлсэн Польшийн шигшээг хоёр гоолын зөрүүтэй хожлоо. Тоглолтын эхний гоолыг Оливье Жиру оруулсан. Ингэснээр Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучаар 52 гоолтойгоор тодорч, домогт Тьерри Анриг гүйцжээ.
Хоёрдугаар үед камерун аавтай, алжир ээжтэй Килиан Мбаппе 74 болон 90+1 дэх минутуудад энэ ДАШТ-ий дөрөв болон тав дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхлээд байна.
23 настай Мбаппе ДАШТ-ий түүхэнд есөн гоол оруулж, Роналдог гүйцэж, Месситэй эн зэрэгцээд эхэллээ.
Польшийн шигшээгийн нэр төрийн гоолыг Роберт Левандовски торгуулийн цохилтоос оруулав. Түүний эхний цохисон бөмбөгийг Уго Льорис хаасан. Гэвч шүүгч хаалганы зураас давж, хаалт хийсэн гэж үзэн Левандовскиг дахин цохиулахад дэлхийн шилдэг довтлогч хоёр дахь боломжоо алдсангүй. Гэхдээ л мэргэжилтнүүдэд Польшийн шигшээ тун муу тоглосон санагдаж буй. 40 жилийн өмнө Бонекийн тэргүүлсэн Польшууд хүрэл медаль хүртэж байсан гэхээр бас л баавартай байж дээ.
Франц шөвгийн найм буюу 4/1-д Англитай тоглоно.
Англи 3 – 0 Сенегал
Английн шигшээ багаас Сенегалтай хийсэн энэ тоглолтод Жуд Беллинхем гялалзлаа. Түүний бөмбөг эзэмшилт, дамжуулалт, найруулга гээд хийж буй үйлдэл бүр нь Англид давуу тал болж байлаа. Тэр дөнгөж 19 настай аж.
Хендерсон тоглолтын эхний гоолыг оруулахад Беллинхем түүнд гоолын дамжуулалт өгсөн. Дараа нь Харри Кейний гоол дээр Беллинхем довтолгоог эхлүүлж, Пил Фоден, Кейн хоёрыг урагш гарах боломжийг нээсэн. Хоёрдугаар үед Букайо Сака Фодены дамжуулалтаар багийнхаа гурав дахь гоолыг шигтгэж, Англи хожсон.
Энэ ДАШТ-ээр Сенегалаас ихийг хүлээж байсан ч тэмцээн эхлэхийн өмнөхөн тус багийн гол тоглогч Садио Мане бэртэл аван оролцох боломжгүй болсон нь том цохилт болсон.
Английн дасгалжуулагч Гарет Саутгейт “Тоглолт бүр өөр өрсөлдөөн тул тактикийн хувьд шийдвэрлэх асуудлууд байна. Бид асуулт бүрд хариулт өгөхийг хичээж байна. Бидний зорилгодоо хүрэх нүүдэл бүр чанартай байна. Мөн төгсгөл бүр гайхалтай байлаа. Францтай хийх тоглолт бидний хувьд хүнд сорилт байх болно. Хүнд даалгавар байх боловч бид бол туршлагатай, аюултай харагдаж буй гоол оруулдаг баг” гэж томров.
Харин Пил Фоден “Өнөөдөр бид баяраа тэмдэглэнэ. Энэ бол хасагдах шатны хөлбөмбөг. Тиймээс бид сэргэж, дараагийн өрсөлдөгчийнхөө талаар бодох хэрэгтэй. Сенегал хувь хамгаалалттай, бас үнэхээр биеийн хүчний тоглолт үзүүллээ. Гэхдээ л бид цагаа ашиглаж, бөмбөгөө тойруулж чадлаа. Би Беллинхемд дарамт мэдрүүлмээргүй байна. Учир нь тэр залуухан ч гэсэн миний амьдралд харж байсан хамгийн авьяаслаг тоглогчдын нэг. Түүнд сул тал гэж үгүй. Би түүнийг дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагч гэж бодож байна. Франц бол энэ тэмцээний хамгийн хүчирхэг баг. Бид ч бие биенийхээ арыг дааж, өөрсдөдөө итгэлтэй байна” гэлээ.