Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүнд байна

Дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн шилдэг хөл бөмбөгч, хөлбөмбөгийн хаан Пеле /жинхэнэ нэр нь Эдсон Арантис ду Насименту/ эмнэлэгт хүнд байгаа талаар ВВС мэдээлжээ. 

Жилийн өмнө хавдараа авхуулсан 82 настай Пеле мягмар гарагт Сан-Паулу хотын эмнэлэгт хэвтсэн бөгөөд тухайн үед энгийн сар бүрийн үзлэгтээ хамрагдахаар очсон тухай мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Пеле амьсгалын замын халдвар авсан нь тогтоогдсон бол баасан гарагт Сан-Паулу дахь Альберт Эйнштейний эмнэлгээс биеийн байдал нь тогтвортой байна гэж мэдээлж байжээ.

Гэвч арванхоёрдугаар сарын 3-нд Пелед химийн эмчилгээ нөлөөлөхгүй болж, хөнгөвчлөх эмчилгээ хийж байгаа талаар мэдээлсэн байна. Бямба гарагийн орой тэрээр Инстаграмдаа “биеийн байдал сайн, найдвар байгаа ” хэмээгээд хүн болгоныг тайван байхыг хүссэн байна.

Агуу хөл бөмбөгчнийг дэлхий даяараа дэмжиж буй аж. Францын хөл бөмбөгийн од Килиан Мбаппе “Хааны төлөө залбирцгаая” хэмээжээ.

Пеле Бразилийн шигшээ багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч хэвээр байгаа бөгөөд Бразилийн шигшээ багийн төлөө 92 тоглолтод өрсөлдөгчдийнхөө хаалганд 77 гоол хийжээ.

Түүний тоглож байсан Бразилийн “Сантос” клуб Твиттертээ “Хаан Пелед дэлхий дахин хамгийн сайн сайхныг хүсэж байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: ВВС


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn