
Өчигдөр буюу 12 дугаар сарын 3-наас Катар-2022 ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд буюу 8/1 тэмцээн эхэллээ. Шөвгийн 16 багийн энэхүү тоглолт Нидерланд, АНУ-ын хооронд болж Нидерланд 3:1-ээр хожлоо. Тэгвэл шөвгийн 16 багийн хоёр дахь тоглолт Аргентин, Австралийн хооронд болж Месситэй Аргентин 2:1-ээр хожив. Дараагийн шатанд Нидерланд, Аргентины шигшээ багууд тоглож, хожсон нь шөвгийн дөрөвт үлдэнэ.
Нидерланд 3-1 АНУ
Катар-2022 ДАШТ-ий шигшээ 16 шатны эхний тоглолт Нидерланд болон АНУ-ын хооронд болоход 3-1 харьцаагаар Нидерланд хожлоо.
Хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй хоёр багийн тоглолтын 10 дахь минутад гоол орж нидерландчууд тэргүүлж эхлэв. Гоолыг Мемфис Депай оруулснаар гурван ДАШТ-д гоол оруулсан тоглогчдын нэг боллоо.
Нэгдүгээр үе дуусахаас өмнө эхний гоолтой маш төстэй довтолгоог Нидерланд зохион байгуулж Дензел Дөмфрайсын хоёр дахь дамжуулалтаар Дейли Блинд гоол оруулчихлаа.
Хүнд байдалд орсон нэгдсэн улсын хоёрдугаар үеийн сэлгээ ашгаа өгч Хажи Райт 76 дахь минутад тооны харьцааг ойртуулж гоол хийв. Гэвч түүний гоолоос ердөө 5 минутын дараа хоёр гоолын дамжуулалт өгсөн Дензел Дөмфрайс гоол оруулснаар Нидерланд хожлоо. 2018 оны ДАШТ-д оролцож чадаагүй Нидерландын шигшээ баг ийнхүү шөвгийн наймд үлдлээ.
Аргентин 2-1 Австрали
ДАШТ-ий шигшээ 16 шатны хоёр дахь тоглолт дэлхийн хоёр удаагийн аварга Аргентин болон Австралийн шигшээ багийн хооронд болоход 2-1 харьцаагаар Аргентин хожлоо.
Аргентины довтолгоог нягт хамгаалалтаараа зогсоох зорилготой Австралийн тоглолт 35 минутын турш хэрэгжсэн ч тэдний гаргасан ганц алдаа гоол болчихов.
Гоолыг хөлбөмбөгчийн замналынхаа 1000 дахь тоглолтод оролцож буй Лионель Месси оруулсан. Энэ нь түүний ДАШТ-ий хасагдах шатанд оруулсан анхны гоол байсан нь ч сонирхолтой. Энэ нь 35 настай Мессигийн спортын замналын 789 дэх гоол байлаа.
Месси 119 гоолыг нь Аргентины үндэсний шигшээ багт тоглож, 94 дэх гоолоо өчигдөр оруулсан нь энэ ажээ. Одоо тэр Катар 2022 ДАШТ-д хамгийн олон буюу гурван гоол оруулсан зургаан тамирчны нэг болоод байна. Мессигийн нийт ДАШТ-д оруулсан гоолын тоо нь ес болж, Аргентины үе үеийн тоглогчдоос 10 гоол оруулсан Габриэл Батистутагийн ард зөвхөн бичигдэж байгаа.
Гоол оруулсан Аргентинчууд хамгаалахаар шийдэж таван хамгаалагчтай хувилбар руу шилжсэн бөгөөд 57 дахь минутад Австралийн хамгаалагчид алдаа гаргаж Жулиан Альварес тооны харьцааг хоёр болгож холдуулав.
Австраличууд 77 дахь минутад тооны харьцааг ойртуулсан. Крейг Гүүдвиний цохисон бөмбөг Энцо Фернандесийн биед ойж Аргентины хаалганд орсон. Итгэл найдвар нь сэргэсэн Австраличууд тоглолтын төгсгөлд аюултай олон довтолгоо хийсэн ч 2-1 харьцаагаар өндөрлөж Аргентин шилдэг 8-д үлдлээ.
Аргентин шөвгийн наймд Нидерландтай тоглоно.