Д.Ганбат: МУИС төгссөн хүн УДШ-ийн шүүгчид тэнцэхээ больсон уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдтэй танилцах үеэр гишүүн Д.Ганбат “Хараат бусаар ажиллах ёстой Улсын дээд шүүхийн шүүгчид хувийн сургуулийг төгссөн гурван хүнийг санал болгосон нь нэг хүний, нэг компанийн эрх ашгийг хамгаалахаар орж ирж байна гэх хардлага төрүүлж байна” хэмээн шүүмжиллээ.

Д.Ганбат “Улсын дээд шүүхийг хараат бусаар ажиллана гэдэгт эргэлзэж байна. Гурван нөхрийг нэр дэвшүүлсэн байдлаас харахад шүүгч сонгон шалгаруулах хууль нь ч шаардлага хангахгүй байж, шилж сонгосон газар нь ч олигтой шилээгүй байна. Нэг аймгаасаа гарч үзээгүй хүн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшин, орж ирлээ.  МАН-ын гишүүд дунд хувийн сургуультай олон хүн бий, тэндээсээ шүүгчид нэр дэвшүүлдэг болж.

Нэг нам, нэг хүн, нэг даргын хамаарал бүхий хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж болохгүй. МУИС –ийг төгссөн хүн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших шаардлага хангахгүй болчихсон юм уу. Авлигачдад 40 сая төгрөгийн торгуулийн шийтгэвэр оногдуулдаг шүүхтэй оронд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй” гэв.

Тэгвэл Улсын дээд шүүх нь нийт 24 шүүгчтэй ажиллах ёстой бөгөөд одоо шинээр дөрвөн шүүгчийг томилох асуудал яригдаж байна. УИХ-д танилцуулсан мэдээллээр Улсын дээд шүүхэд шүүгчээр санал болгож буй дөрвөн нэр дэвшигчээс нэг нь л МУИС-ийг төгссөн бол гурав нь Их засаг их сургуулийг төгссөн нэр дэвшигчид ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn