НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДТАЙ УУЛЗСАН НЬ АМЬДРАЛЫН ГАЙХАМШИГТАЙ ДУРСАМЖУУДЫН НЭГ

2022-12-02

Монголын шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн нийгмийн хариуцлага, манлайллыг бий болгох, улмаар судалгаа боловсруулалтын ажлын амжилтаас хуваалцах “SCIENCE X” подкастын хөтлөгч МЗЭХ-ны Байгалийн ухааны салбарын Удирдах зөвлөлийн гишүүн Бадрах овогтой Отгонсувдыг танилцуулж байна.

Подкастын зочны ярилцлагаар шинжлэх ухааны судалгааны сэдвийн талаар энгийн ойлголтоор таниулж, олон нийтэд шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж, сурталчлах үйлст хувь нэмрээ оруулж манай контентийн өнгө төрх, нүүр царай болсон хөтлөгч Б.Отгонсувд Математик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч, мэдээллийн технологийн инженер, өгөгдөл судлаач мэргэжилтэй. 

Тэрээр “Мультиспектрийн технологийг соёлын өвийг судлахад хэрэглэх нь” сэдвээр докторын ажлаа хийхийн зэрэгцээ Улаанбаатар их сургуульд цагаар багшилдаг. Хүрээлэнгийнхээ хүнийг нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжилдээ дур сонирхолтой болгоход анхаарч, өөрөө залуу ч шинэ үеийг халамжилна, сургана, дадлагажуулна, бас чиглүүлж, удирдана. Залуучуудыг хамгийн сайн ойлгож, спортоор хичээллэх чөлөөт цагт нь хүртэл хамт байна. Өөрийнх нь хобби ч нөлөөтэй л байх. Үндсэн ажлынхаа хажуугаар нийгмийн оролцоонд цагаа зориулж чаддаг эерэг хандлага нь түүнийг чимдэг Б.Отгонсувдаа 2022 оны турш “SCIENCE X“ подкастын цагаар хамтдаа байсанд баярлалаа.  

-Олон ажлын хажуугаар цаг, зав гаргаж “SCIENCE X“ подкастын хөтлөгч болсонд манай байгууллагын зүгээс баярласнаа илэрхийлье. Төсөл бэлэн болчхоод хөтлөгчөө сонгох болоход чиний нэрийг хэд хэдэн хүн санал болгосон. Утсаар хоёулаа холбогдоход төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцана уу?

-Юуны түрүүнд нийгмийг соён гэгээрүүлэх ажилдаа намайг гололгүй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлэхийн хамтаар нийт эрдэмтэн судлаачдадаа удахгүй болох Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг хүргэе. Тухайн үед яг хөтлөгчөөр ажиллуулна гэж ойлгоогүй, подкастад хүн олж өгч холбох гэх мэт зохион байгуулагчаар ажиллана гэж ойлгосон байсан. Тэгээд ирж уулзаад хөтлөгчөөр ажиллана гэдгээ мэдээд их сандарч, өөртөө их эргэлзсэн л дээ. Тэгээд хэсэг бодож байгаад ер нь бас нэг зориглоод өөрийгөө сориод үзмээр санагдсан. 

-Өнгөрсөн хугацаанд 13 дугаарыг бэлтгэсэн байна. Одоогоор үзэгчдийн тандалт их аваагүй ч цомхон бүтцээр дугааруудаа хүргэсээр байгаа. Одоогийн мэргэжлээ сонгохоос өмнө сэтгүүлч болохыг мөрөөддөг гэж байсан. Бичлэг хийхэд ер сандрахгүй мөн асуултаа зөв гаргаж тавихад дээрх бүхэн бас нөлөөлсөн байх? 

-Подкастын өмнөх дугааруудаа харахад энэ үед ингэж асуух байж, ийм зүйлийг яриулаагүй өнгөрч гэх мэт өөрийгөө шүүмжлэх зүйлс их харагдаж байгаа. Гэхдээ олон зочидтой ярилцаж, танилцах тусам маш сонирхолтой санагдаж илүү их суралцаж байгаа. Мэдээж өөрөө судлаач хүн учраас илүү сонирхож байж ч мэдэх юм. Гэхдээ аль болох олон салбарын хүмүүст ойлгогдох энгийн байхаас гадна оролцогч зочдоо илүү сайн таниулахыг хүсэж байна. 

-Докторантын ажил нь дуусаж байна уу. Хамгаалах сэдэв нь технологид суурилсан судалгааны цоо шинэ чиглэл шиг санагдсан. Удирдагч багш нь хэн бэ?

-Докторын судалгааны ажлаа “Мультиспектрийн технологийг соёлын өвийг судлахад хэрэглэх нь” сэдвээр доктор Б.Нэргүй, доктор Ч.Лодойравсал багш нарын удирдлагад хийж байгаа. Яг цоо шинэ гэхгүй ч соёлын өвийн салбарт энэ технологийг нэвтрүүлэн судалгаа шинжилгээ хийж байгаа нь Монголдоо шинэлэг ажил гэж бодож байна. Одоогоор Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хэд хэдэн музей болон соёлын дурсгалт газар дахь соёлын өвүүд дээр хэмжилт судалгаа хийсэн, одоо эдгээр цуглуулсан өгөгдөл, мэдээлэл дээрээ боловсруулалт, дүн шинжилгээний ажлуудаа хийгээд явж байгаа. Яг үнэндээ нийгмийн олон ажил, салбар нэгж хариуцаж байгаа ажлынхаа араас сайн гарч чадахгүй, судалгаагаа үе үе барин тавин л яваад байна. 

-Нээлттэй, чөлөөтэй, нийтэч, хөгжилтэй, бас чамгүй шударга байх нь амьдралыг илүү амархан болгодог юм болов уу гэж хамтран ажиллахдаа анзаарсан. Хувь хүний энэхүү хөгжил дахин нэг боловсрол эзэмшсэнтэй адил? 

-Хувь хүнийхээ суурь хүмүүжил, төлөвшлийг аав, ээжээсээ авсан. Миний нээлттэй зан чанар ээжээс минь өвөлж ирсэн юм шиг санагддаг. Харин аав маань биологийн ухааны доктор, эрдэмтэн хүн байдаг болохоор судлаач болох хүсэл эрмэлзэл минь ааваас улбаатай байх. Ер нь одоогийн хувь хүн болоход минь манай гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш, удирдагчид гээд олон хүн нөлөөлсөн. Яагаад ч юм хаана ч явсан намайг дандаа сайн энергитэй, сайхан хүмүүс хүрээлж байдаг. Тэднийхээ ачаар чадах чинээгээрээ хөгжихийг, өөрийнхөөрөө байхыг хичээдэг. 

-Аавынхаа эрдмийн замналаар явна гэдэг амьдралын маш том бахархал. Гэр бүлд шинжлэх ухааны салбарын судлаач нар байна гэхээр ярих сэдэв эрэл хайгуулч, үргэлж уншиж судлах гээд гэр бүл нь илүү сонирхолтой санагдлаа. Биологийн ухааны доктор аавынх нь тухай асууя?

-Аав маань ХБНГУ-д Ена хотын Фридрих Шиллерийн их сургуульд боловсрол эзэмшин, Биологийн хүрээлэнд ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан Батсүхийн Бадрах гэж хүн бий. Аавын маань зарчимч, шударга зан чанар нь бидэнд их нөлөөлдөг. Аав маань шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэсэн нь бас өвөөгөөс эхлэлтэй байх. Манай өвөө одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд багшилж байгаад Сувилахуйн сургуулийг байгуулж тэндээ олон жил захирлаар ажиллаж байсан доктор, хүндэт профессор, гавьяат багш хүн байдаг. Манай гэр бүлийн ер нь ихэнх нь шинжлэх ухааны хүмүүс дээ. Эгч, дүү хоёр маань ааваас биологич мэргэжлийг өвлөсөн. Бүгдээрээ л ажлын гараагаа хүрээлэнд эрдэм шинжилгээний ажлаас эхэлцгээсэн. Нэг удаа ШУА-ийн спортын тэмцээн болоход тэр зааланд манай аав, эгч, би, дүү, манай нөхөр, хүргэн ах гээд гэр бүлээрээ байсан чинь хүмүүс танай гэр бүлийн цугларалт юм уу гээд бөөн инээдэм болж байлаа. /инээв/

-Гоё дурсамж түүхтэй гэр бүлээ танилцуулсанд баярлалаа. Өнөөдрийн судлаач Отто амжуулж чадахааргүй их ажлыг хэрхэн зохицуулж байна. Хамгийн бахархах үнэт зүйл, аз жаргал болсон таван хүүхдийн ээжид үр хүүхдээ өсгөх, гэрийн эзэгтэй байх, бас дахин суралцах энэ бүхнийг амжилттай авч явна гээд залуу насандаа цаг хугацааг үнэхээр сайн төлөвлөжээ? 

Яг энэ талаар ярихаар өөрийгөө жоохон магтах болчхоод байдаг. Зүгээр үү /инээв/. Би багаасаа их төлөвлөх дуртай, өдрийн дэглэм гаргах бас өдрийн тэмдэглэл бичих дуртай байсан маань одоо эргээд ажил дээр гараад ч ажлуудаа өдөр, долоо хоног, сар, жилээр маш сайн төлөвлөж бичдэг зөв дадалд сургасан. Энэ маань эргээд цагийг бүтээмжтэй өнгөрүүлэх, өөр зүйлд бага сатаарч олон ажил амжуулахад тусалдаг байх. Тухайн өдрөө хийх ажлуудаа жагсаачхаад хийсэн ажлуудаа дугуйлаад явахаар нэг тийм дүүрэн мэдрэмж төрж нэг ёсондоо түүнээсээ дараагийн ажлын эрч хүчээ авдаг. Эсрэгээрээ амжуулаагүй ажлаа хараад өөртөө дүгнэлт, шүүмжлэл хийх боломж олгодог юм шиг санагддаг. Мэдээж мундаг, амжилттай яваа хүмүүсийн туршлагаас бас суралцахыг хүсдэг.

Гэр орны ажлуудаа амжуулахад манай гэр бүлийн хүн их тусалдаг болохоор би их азтай хүн. Ер нь ажил, амралтаа сайн зохицуулж чанартай амьдрахыг хүсдэг болохоор аль болох ажлын цагтаа ажлаа амжуулж гэртээ цагтаа ирэх, ажлын стрессээ гэртээ авчрахгүй байхыг хичээдэг. Үр хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр одоо ч өөрөө суралцсаар л явна. Хүүхдүүдээ хичээл номоор их шахах биш, гэрийн сайн хүмүүжилтэй, өөрийн гэсэн ертөнцтэй өөрөөр нь байлгахыг хүсдэг.  Олуулаа өсөж байгаа болоод ч тэр үү манай хүүхдүүд их эрт биеэ даачихсан, өөрийн гэсэн үзэл бодол суучихсан байдагт нь баярладаг.  

-Сая болсон “Нобельд хүрэх зам” онлайн чөлөөт уулзалт ярилцлага олон залууст мотиваци өгсөн. Линдаугийн Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцсон дурсамжаас нь сонсоход 27-хон настай байсан. Тухайн үед төрж байсан сэтгэгдлээсээ дахин хуваалцаач?

-Тухайн үедээ би залуу байсан болохоор өөрийгөө голдоггүй, өөртөө итгэлтэй байсан бололтой. Одоо бодохоор тэр том арга хэмжээнд орох зориг яаж гарсан юм мэдэхгүй /инээв/. Мэдээж тухайн үедээ Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж нийгэмд чиглэсэн олон ажлууд зохион байгуулдаг байсан маань шалгаруулалтад тэнцэхэд нөлөөлсөн байх. Нобелийн шагналтнуудтай уулзаж, үнэт мэдээллийг нь сонсож,  нэг ширээнд сууж хоол идэж, танилцах боломж гарсан нь мэдээж миний амьдралын маш том гайхалтай боломж, дурсамжийн нэг л дээ. Энэ боломжийг манай хүрээлэн, ШУА олон салбарын судлаач болон надад олгосонд нь талархдаг. Залуу судлаачдад энэ нь маш том урам зориг, итгэл хүлээлгэсэн явдал гэж боддог. Нобелийн уулзалтын уриа нь бараг миний ажлын уриа маань болсон. /Educate-Inspire-Connect/

-Үеийн залуусдаа болон удирдлагад нь байгаа шинээр төгссөн залуусаа хэрхэн урамшуулж, урам зориг өгч хамтран ажилладаг вэ?

-Намайг анх ажилд ороход Б.Нэргүй багш маань төслийн удирдагч, хүрээлэнгийн ЭНБД байлаа. Энэ хүнээс би хүнтэй яаж харилцах болон хүнд яаж урам зориг өгч, итгэл хүлээлгэн сайн ажиллуулж болох, хүнийг яаж удирдах, дарга биш манлайлагч байхыг олж харсан. Би суралцсан гэж хэлэхгүй байгаа нь одоо ч би тэр чадварыг нь өөртөө гүйцэд суулгаж чадаагүй суралцсаар л явна.  Багш маань намайг төгсөөд орж ирэхэд ямар ч санал санаачилга байсан дэмжиж чи чадна, оролдоод үз, хийгээд үз гэдэг байсантай адилаар шинээр судлаач болохоор ирсэн судлаачдынхаа урам зоригийг мохоохгүй байхыг хичээдэг. Удирдлага хүн гээд дандаа дээрээс харьцаад байх биш аль болох урам зориг өгөх, ажилдаа дуртай байх хүсэл эрмэлзлийг нь төрүүлэх, суралцах, хөгжих боломжийг нь олгохыг хүсдэг.

-Он дуусах дөхлөө. “SCIENCE X“ төслийн хэрэгжих хугацаа ч дуусна. Энэ подкастыг үргэлжлүүлж, брэнд болгож улам хөгжүүлэх санаа тээж явдаг уу?

-Студын гэрэл, мэргэжлийн микрофон, 3 талт камерын өмнө зочноосоо хүссэн асуултаа асууна гэдэг туршлагагүй надад бол сэтгүүлч болох хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэнтэй адил мэдрэмж төрүүлсэн. Мэдээж цаашид хамтран ажиллах боломж гарвал ажиллахад татгалзах зүйлгүй л дээ. Гэхдээ дараагийн судлаачдадаа бас боломж олгохыг илүү хүсэж байгаа.

-Энэ ярилцлагаар дамжуулж залуу судлаач нартаа хандаж юу хэлэх вэ?

-Подкастын төгсгөлд оролцогчдоосоо тогтмол суудаг асуултыг Та тавилаа. Мэдээж ихэнх оролцогчид маань тууштай байгаарай гээд олон зүйлсийг уриалдаг тэр бүгдийг хэлмээр байдаг. Миний дуртай нэг гоё үг байдаг нь “Дуртай ажлаа хийж байгаа хүн насан туршдаа ажил хийхгүй байгаатай ижил” гэдгийн адилаар залуучууддаа нэг зүйлийг л уриалж хэлмээр байна. Эзэмшсэн мэргэжилдээ, хийж байгаа ажилдаа, судалгаандаа дурлаарай, орчин үеийн хэллэгээр крашлаарай л гэж хэлэхийг хүсэж байна даа. 

 

Холбоотой мэдээ