Япон Испанийг хожин дахин шуугиан тарьж, Герман, Бельги нутаг буцлаа

2022-12-02

Өчигдөр “Катар-2022” ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд болж шуугиан дуулианыг үргэлжлүүллээ. Азийн цэнхэр самурайнууд аварга Испанийг хожиж ахин дуулиан шуугиан дэгдээв.

Хорват 0 – 0 Бельги

Бельги Хорваттай тоглоод заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах байлаа. Гэвч тоглолт тэнцээгээр өндөрлөж, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт бельгичүүд нутаг буцлаа. Тэдэнд хожих боломж олдсон ч Ромелу Лукаку форм муутай байгаагаа харуулж, гоол оруулах сайхан боломжуудаа алдсаар дуусгалаа.

Бельгийн шигшээ багийн гол тоглогчид болох Эден Азар, Ромелу Лукаку нар энэ удаа юу ч хийж чадсангүй.

Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинез “ДАШТ-ий тоглолтод хожно гэдэг амаргүй. Бид эхний хагаст өөрсдийнхөөрөө байж чадсангүй. Хоёр дахь тоглолтдоо ч ялагдсан байсан. Өнөөдөр бид бэлэн байж, гоолын боломж үүсгэж чадлаа. Харамсах зүйл алга. Бид хасагдлаа гэхдээ толгой цэх байх хэрэгтэй. Юри Тилеманс зэрэг залуу тамирчид гарч ирж байна. Манай алтан үеийнхэн дараагийн шинэ үеэ гаргаж ирж байна. Талбай дээрх нэрс бус тэдний үлдээсэн өвийг бид ярих хэрэгтэй” гэжээ. Тус тоглолтын шилдгээр Лука Модрич тодорлоо.

Канад 1 – 2 Марокко

Марокко Канадыг хожиж, нэг ч  хожигдолгүй хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа. Уг тоглолтод Хаким Зиеш, Эль Несири нар Мороккогоос гоолдсон бол Канадын нэр төрийн ганц гоолыг Агуэрд оруулжээ.

ДАШТ-ий өмнө хэн ч Марокког Бельги, Хорватыг ардаа хийн энэ хэсгийг тэргүүлнэ гэж бодоогүй биз ээ. Тус тоглолтын шилдгээр Ашраф Хакими тодорчээ.

Япон 2 – 1 Испани

Эхлээд Германы аваргуудыг хожиж шуугиан тариад, дараа нь Коста Рикад хожигдсон Япон энэ удаад хүчирхэг Испаний шигшээг хожиж хэсгээ тэргүүллээ.

Тоглолтын эхний гоолыг Испанийн Алвара Мората оруулсан ч хоёрдугаар үед Японоос Рицү Доан, Танака нар дараалан гоол оруулж хожлоо.

Япон хэсгийнхээ хоёр том баг болох Испани, Германыг хожсон ч хамгийн сул гэж хэлж болохуйц Коста Рикад хожигдсон нь сонирхолтой. Япон ийнхүү үхлийн хэсгийг тэргүүлж хасагдах шатанд шалгарлаа. Тус тоглолтын шилдгээр Ао Такама тодров.

Коста Рика 2 – 4 Герман

Япон хожсон нь Германы шигшээ багийн найдварыг үгүй хийж орхив. Герман энэ тоглолтод хэдэн ч гоол оруулсан оноогоороо Япон, Испанийг гүйцэхээсээ өнгөрсөн байв. 2014 оны дэлхийн аварга Герман 2018, 2022 онуудад дараалан хэсгийн шатнаас шалгарч чадсангүй.

Энэхүү тоглолтод Германаас Гнабри, Хавертц, Фуллкруг нар гоол оруулсан бол Коста Рикагаас Елцин, Варгас нар гоол оруулжээ. Тус тоглолтын шилдгээр Кай Хавертц тодорчээ.

Холбоотой мэдээ