“ТЭРБУМ МОД” ТОМРУУЛСАН БҮС НУТГИЙН МЕГА ТӨСӨЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойн салбарын хөгжлийн төлөө олон жил тууштай ажиллаж бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа удирдлага, эрдэмтийнхээ санал бодлыг тасралтгүй хүргэх бөгөөд энэ удаагийн зочноор Хүрээлэн буй орчин судлалын доктор (Ph.D) Мажигийн Тунгалаг уригдлаа.  

-ШУТСангийн захирал байсан Тантай нэг жилийн дараа эргэн уулзаж энэ сэдвээр ярилцлага хийж байгаадаа баяртай байна. Та эрдэмтэн хүн, энэ салбарыг маш сайн мэднэ. “Тэрбум мод”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд шинжлэх ухаанч талаас анхаарах зүйл Таныхаар юу байж болох вэ?

-Мод тарих, ургуулах асуудлыг цоо шинээр-инженерийн шийдэл, байгууламж гэж харах болсон.Тэгэхээр томоохон суурь судалгаанууд иж бүрэн хийгдсэн, шинжлэх ухаанд суурилсан байх нь амин чухал. 

Тэгвэл юунаас эхэлбэл шийдэлдээ зөв очих вэ?

-Энэ бол Монголоор зогсохгүй бүс нутгийн хэмжээний томоохон мега төсөл болно. Иймээс мега төсөл яаж босож ирж, хэрхэн хэрэгжүүлдэг тэр алхмуудаас нэг их хазайхгүй. Анхнаасаа нь зөв эхлүүлж авч явах нь чухал, гол нь стратегиа маш сайн гаргах ёстой. Энэ том төслийн стратегийг гаргахад зөвхөн ойн салбарт хамаатуулж тэд хийнэ ч гэх юм уу, явцуурхах шаардлагагүй бөгөөд олон талт оролцоог хангах, олон нийтэд нээлттэй байлгах зэргээр маш болгоомжтой хандах ёстой.

-Бүс нутгийн том төслийг Ерөнхийлөгч эхлүүлэх санаачилгыг гаргаснаар алга ташиж хүлээж авсан улс орнууд их байсан, бас хүлээлтийг ч бий болгосон. Хэрэгжих баталгаа хэр байна вэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлж байгаа учраас хамгийн том баталгаа нь гэж харж байгаа. Бодит амьдралын хувьд, томоохон мега төсөл улс төрийн дэмжлэггүйгээр хэрэгжих боломж бага байдаг.

-Ойн салбарыг удирдаж байсан туршлагатай боловсон хүчний хувьд Танаас асуухад энэ том төсөлтэй нүүр тулахад та, би гээд монголчууд бэлэн байна уу?

-Манай ойн салбарын боловсон хүчин, хүний нөөц энэ том төсөлтэй тулахад бэлэн биш гэж харж байна. Иймээс ойн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэх тусгай бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай. Мод тарих, ургуулах гэдэг сайн дурынхны ажил огт биш шүү дээ. Хашаандаа хэдэн мод тарих, байгальтай нүүр тулан тулалдаж мод тарьж ургуулах гэдэг бол тэнгэр газар шиг ялгаатай. 

Манай улс энэ зорилтоо биелүүлж чадвал цөлжилтөнд хүчтэй өртсөн 129 сая га талбайг дөрвөн хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоог судлаачид танилцуулсан. Энэ хэр бодитой тооцоо бол?

-Таамаглаж байгаа тооцоо учраас яг бодит гэж хэлэхэд хэцүү л дээ. Нэг га-д мод тарих хэмжээ мэдээж, хангай, говийн бүсээр өөр өөр. Бүс нэг бүрээр биш нийт ойн бүрхэвчийн хувьд одоо барьж байгаа нормоор тооцвол 500 мянган га талбайг бүрэн ойжуулж улмаар ойн санг бодитоор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тоо бас гарч байна. Ойн талбай болон бүрд, баян бүрдүүдээ өргөтгөөд явах, зам, төмөр зам, тариалангийн талбайг эмжээд явах гэх мэтээр маш олон арга замууд гарах учраас яг нарийн тооцоо стратегиас шалтгаалж гарах байх.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгжүүд олноороо татагдан орж, жил бүрийн мод тарих уламжлал идэвхжиж сайн тал бий болж байна?

-Манай улсын томоохон аж ахуйн нэгжүүд, өмчийн хэлбэр хамаарахгүйгээр мод тарих ажилд татагдан орж, амлаж, бас ажлаа эхлүүлээд явж байна. Энэ эхлэлийг унтраахгүй, урмыг нь хугалахгүй байх нь чухал. Иргэд ч тэр, аж ахуйн нэгж, компани ч тэр ашгийн төлөө явдаг, явах ч ёстой. Мод тарих, ургуулах ажил гэдэг өөрөө шууд ашиг нь харагдах боломжгүй, урт хугацаа, ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт байдаг учраас бодлогоо сайн тооцоолж, тодорхойлохгүй бол олон асуудалтай ар араасаа тулгарна. Тухайлбал, хөрөнгө оруулалт, ажлын байр, ашиг орлогыг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Тодорхойгүй байгаад байвал идэвхгүй болох, улмаар эрсдэл үүсэх магадлалтай.

-Ойн агентлагийг дахин шинээр байгууллаа. Түрүүнд Таны хэлсэн том төслийг бодлогоор зангидах, товчхондоо эзэнтэй болсон уу?

Тиймээ. Энэ том төсөл. Дээр нь Монгол орны ойн бүх асуудлыг хариуцах агентлаг, түүнийг удирдах менежер-ойн агентлагийн дарга бол төслийн хувь заяатай шууд хамаатай. Агентлагийн дарга маань хэдэн цаас бариад сайд, дарга нарын үүдийг сахиад суудаг байдалтай байвал бас л нэг чөдөр тушаа болно. Ер нь мега төслийг гардан хэрэгжүүлэх менежер гэдэг бол ордонд ч бай, яаманд ч бай хаагуур л бол хаагуур хаалга нэвт орж чаддаг чадалтай, нөлөөтэй байх нь маш чухал. 

-Ямар ч нийгмийн үед байгальтай ойр байх гэж өөрт таалагдах ландшафт хүртэл бий болгож чадсан улс орон их. Дор хаяж модоо тарьж ургуулж, арчилсаар ирсэн. Чухам яг юуны төлөө мод тарьдаг вэ гэвэл Та хамгийн түрүүнд юу гэж хариулах вэ?

Хүн бүр хариултыг хэдэн янзаар магадгүй хэчнээн мянгаар ч хэлэх нь ойлгомжтой. Минийхээр хариулт товчхондоо, амьдралын чанараа сайжруулах гэж, эдийн засгаа томруулах гэж, үр хойч, ирээдүйдээ эрүүл байгаль үлдээх гэж мод тарьдаг. Хүнээ бодож, тэндээс тэг цэгээ тавьж эхлэхийн бол мод тарих ажил маань зөв болно. 

-Тэгвэл мод тарих ажлыг эдийн засгаа томруулах ажилтай уялдуулж болох жишээ Таныхаар юу байна вэ?

Нэг жишээ татахад, Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс уриалсан тул гадаад улсуудад өгсөн эерэг мессэж болсноос гадна, нүүдлийн соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд бас нэг хөтөч болохоор харагдаж байна.  

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn