Д.Баярсайхан: Гадаадад бүтээлээ хэвлүүлэх нь академик соёл хийгээд академик ёс зүйд суралцуулдаг

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдэмтдийн чансааг тухайн зохиогчийн туурвисан ном, бүтээлийг дэлхийн хэдэн орны номын санд бүртгэлтэй байгаагаар нь тодорхойлж болно. Монголоос энэ үзүүлэлт шалгуурт нийцсэн нь хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын судлаач Д.Баярсайхан докторын The Mongols and the Armenians (1220-1335) ном өнөөдрийн байдлаар дэлхийн 1834 номын сангийн сан хөмрөг, архивд бүртгэгдэн данслагджээ. Манай ярилцлагын зочин Д.Баярсайхан зохиогчийн бүтээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.worldcat.org/…/1229832327&referer=brief… хаягаас харж болохоос гадна https://brill.com/view/title/18814 дэлхийн хэвлэлийн газар өөрийн сайтаар үнэгүй татаж авч унших боломжийг давхар олгосон байна.

2022 онд гэхэд л доктор Д.Баярсайханы The Mongol World, ISBN 9781315165172 ном нь дэлхийн топ 10-д ордог Taylor & Francis Group-ийн Routledge-д хэвлэгдсэн ба Их Британийн номын сан төдийгүй дэлхийн 70 орчим номын сангуудад байна хэмээн Монголын Номын сангийн консорциумын ерөнхийлөгч Л.Гантулга өөрийн цахим хуудастаа хүртэл онцолжээ. Д.Баярсайхан зохиогчтой The Mongols and the Armenians (1220-1335), The Mongol World хоёр ном нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөрөө Монголын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлж, дэлхий дахинд Монголоо дахин таниулсан үнэ цэнтэй судалгааны төдийгүй оюуны хөрөнгө оруулалт болсон гэдгээрээ тив, дэлхийг дамнасан 2022 оны дэлхийн онцлох бүтээл болсон байна.

Доктор Д.Баярсайхан Монголын түүхэн эх сурвалж, баримт, судалгаагаар нотлогдсон судалгааны олон тооны бие даасан ном, бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлээс 

гадна Монголын Эзэнт гүрний түүх, Ил-хаадын судлал,  Кавказ, Дундад хийгээд Ойрх дорнодод өрнөсөн Монголын байлдан дагуулал ба түүний зарчим, монголчуудаас тэдгээр нутагт явуулсан бодлого, эдийн засгийн хөшүүрэг, газар эзэмшлийн хэлбэр хийгээд хуваарилалт, Исламын болон Христ итгэлт ард түмнийг монголчууд хослон захирсан онцлог зэрэг нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр судалгааны ажлаа дагнан судалдаг бөгөөд  бие даасан 10 орчим ном, бүтээл туурвижээ.

Түүний эрдмийн цол арай өөрөөр бичигддэг болохыг тодруулахад, дэлхийн үнэлэмжээр Oксфордын их сургуульд доктор хамгаалсан эрдэмтэд сургуулийнхаа нэрийг тодотгосон Д-р (DPhil, Oxon). гэсэн өргөтгөл бичдэг албан ёсны дүрэмтэй юм байна. Монголоос дэлхийн тодотголтой олон эрдэмтдээс монголчуудын түүх угсааны судалгаа боловсруулалтын ажлаар дагнасан ном, бүтээлийн арвин сан хөмрөгтэй түүхийн ухааны доктор Дашдондогийн Баярсайхан профессортой ярилцахаар “Дэлхийд танигдсан Монгол эрдэмтэн”буландаа урьсан юм. Тэрээр 2021 оны “Орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний  100 жил”-ийн ойн хүндэтгэлийн арга хэмжээн дээр БШУ-ны Л.Энх-Амгалан Сайдаас “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн шагнал”-ын анхны шагналыг гардан авсан эрхэм юм.

-Таныг шинжлэх ухааны хүн болоход тэр дундаа Монголын Эзэнт Гүрний түүхийн адармаатай, нууцын нууцыг эрэн сурвалжлах судлаач болоход нөлөөлсөн хүчин зүйл юу байв. Яагаад түүхийн нарийн шинжлэх ухааныг сонгосон бэ?

-Олон улсын эрдэмтэд, тэр дундаа сэтгүүлчид надтай уулзахдаа та Монгол хүн гэдгээрээ бахархдаг уу гэж асуудаг юм. Би агуу ард түмний нэгэн хэсэг, монголчуудын түүхийг 40 гаруй жил судалсаар ирсэн хүний хувьд би Монгол хүн гэдгээрээ бахархдаг, энэ түүхийг судлах эх үүсвэрийг тавьж өгсөн ааваараа бахархдаг гэж хариулдаг юм.

-Таны аав Дашдондог театр судлаач хүн байсан гэдгийг мэдээд зөв хүнээ олжээ гэж олзуурхаж байна. Бидний урилгыг хүлээн авсан Танд дахин дахин талархлаа илэрхийлье. Монголын урлаг соёлын хөгжлийг түүчээлсэн аавынх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй. Аавын тань дурсамжтай түүх, сургаал, захиас, үнэт бүтээлийн талаар Та сонирхуулна уу?

-Бид эхээсээ тавуулаа, би дундах хүүхэд нь. Аав минь биднийг багаасаа хөдөлмөрт сургасан, аливаа оюуны хийгээд биеийн хөдөлмөрийг хүндлэх, сурч ажиллахдаа сэтгэлийн тэнхээтэй байх, шударга байхыг хэвшүүлсэн. Өөрөө ч тийм хүн байсан учир бид зусардах, долигонох, бялдуучлахыг ёстой сураагүй. Даруу төлөв байхыг машид эрхэмлэдэг хүн байсан миний аав. Гадаад хэл сурах, түүгээрээ дэлхийн соёл иргэншилтэй хөлөө нийлүүлэн алхахыг захидаг байсан.

-Таны хувьд эрдмийн их далайд суралцаж, Оксфорд хэмээх дэлхийн сургуульд доктороо амжилттай хамгаалсан анхны эмэгтэй гэсэн тодотгол чимдэг. Мөн Монголын түүхээ тууштай судалж, дэлхийн данстай болсон. Дэлхийн нэр хүндтэй их сургуульд багшлах, амьдрах ховор сайхан боломжоос оюун, мэдлэгийн их олзтой, онгодтой, тав тухтай орон Танд аль улс байсан бэ?

-Би Оксфордын бүтээгдэхүүн мөн. Тэр сургуулийн нэр төрийг өндөрт өргөж, тэнд олсон судлаачийн зарчмаар явж байна. Эрдмийн энэ том далайд хөл алдахгүй нэр төрөө авч явах тийм амар биш. Өрнөдийн эрдэмтний хэмжээнд судалгаагаа хийх хүсэлдээ жигүүрлэн монгол хүн ч гэсэн тэдний хэлээр, тэдний дайны үзэл баримтлалыг судалгаандаа тусгаж чаддаг юм шүү гэдгийн нотлох зорилгоор эрдэм шинжилгээнийхээ ажлыг англи хэлээр бичдэг болсон юм. Энэ их давуу талтай. Англи хэлээр бичсэн ажлыг их өргөн хүрээнд уншдаг, олон хүний хүртээл болдог. Энэ нь олон улсад танигдах нэг хөшүүрэг юм. Иймд бүтээлийг минь мэддэг эрдэмтэд надтай харилцаж, өөр өөрсдийн сургуульдаа лекц уншуулах, хамтарсан судалгааны ажил хийх, хичээл заалгах хүсэлтийг ирүүлдэг. Өрнө дорнын найман сургуульд уригдсан, сүүлийнх нь АНУ-ын Баруун Вашингтоны их сургуульд нэг семестр хичээл заасан. Хамгийн их олзтой онгодтой гаднын сургууль бол Их Британийн Оксфордын их сургууль минь хэвээрээ. Би тэндээс өөрийгөө сайнтай муутай нь олж харсан юм.

-Олон улсын шинжлэх ухаанд Монгол эрдэмтний бүтээлийг дэлхийн номын сангууд дансалж, хөрөнгөндөө бүртгэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Нэр хүндтэй гаднын хэвлэлийн газрын босгыг давах том шалгуур нь юу байсан бэ?

-Гадаадад бүтээлээ хэвлүүлэх нь академик соёл хийгээд академик ёс зүйд суралцуулдаг. Аливаа хүний бүтээлд ямар хэмжүүр, шалгуураар ханддагийг өөрийн нэг сэдэвт номоо Brill-д хэвлүүлэхдээ анх мэдэрсэн. Мэргэжлийн олон хүний peer review байхаас гадна тухайн хэвлэлийн газрын редакторын шалгуурыг давдаг. Номоо хэвлүүлснээс хэзээ хойно Brill-ийн хэвлэл хариуцсан нэг редактор таны анхны номын критери буюу шалгуур ямар байсныг сонирхох уу гэхэд нь би тэгье гээд 7 зүйл асуултад нэр нь нууц шүүмжлэгчдийн хариулсан байдлыг хараад бүгдэд нь ‘yes’ байсанд маш их баярласан. Асуултуудын агуулга нь тухайн ажлын шинэлэг чанар, бүтээлийг яагаад хэвлүүлэх ёстой, академик стандарт мөрдөгдсөн үү, тухайн салбарын хөгжилд хувь нэмэр болох эсэх гээд асуултууд байсан. Тухайн үед өөрийн чинь ажлыг ингэж нарийн шалгахыг мэдсэн бол миний зүрх үхэх байсан байх. “Тэнэгийн дотор уужуу” гэдэг нь болсон хэмээн номын маань шүүмжлэгч дурсан ярьж билээ.

-Ном уншигчдын гарт очих хүртлээ маш их “дуншдаг”. Гэтэл Та нэлээдгүй ном гаргасан байна. Ном бичих арга зүй, техниктээ байна уу, эсвэл ааваас өвлөгдсөн бичгийн төрөлхийн авьяас, магадгүй хобби нь Таныг хөтлөөд явчихдаг юм болов уу гэсэн таамаглал төрлөө. Танд бас нэг бодол байдаг болов уу?

-Миний аав судлаач хүн байсан, социализмын үзэл суртлын хүнд үед Монголын театрын судлал, шүүмжлэлийг хөгжүүлсэн хүн. Шүүмж бичдэг хүнийг бусад нь үзэн яддаг, гэхдээ тэр шүүмж нь тухайн салбарыг түүчээлж авч явдгийг би багаасаа мэднэ. Миний аав театр судлалын 10 гаруй ном бичсэн. Ааваасаа судалгаа хийхэд хэчнээн их хөдөлмөр ордгийг мэдэрсэн. Ном гэхээсээ илүү судалгаа хийх, аргумент буюу гаргалгаагаа яаж зангидах арга барилыг Оксфордоос сурсан. Оксфордын их сургуульд нийгэм, хүмүүнлэгийн салбарт аргумент их чухал. Миний багш нар үүнд маш их анхаардаг байсан. Америкт thesis, Японд detailed study нь нэн түрүүнд тавигддаг бол Их Британид argument байдаг. Багш нар маань сайн бүтээл их энгийн хэллэгтэй байдаг, иймд ажлаа бичиж байхдаа үүнийг анхаар гэж сургасан.

-Шинжлэх ухааныг тайлах зайлшгүй шаардлагаар перс, араб гээд олон орны хэлийг сурсан нь Танд цаг алдахгүй судалгааны ажлаа үргэлжлүүлэхэд амар байсан байх. Танд хэлний шинжлэх ухаанд гүн суралцсан нууц жор гэж байна уу?

-Нууц жор байхгүй. Миний сэдэв Монголын Эзэнт гүрний, Иранд төвтэй Ил-хаадын түүх учраас монголчуудын байлдан дагуулж байсан иргэд, улс орны түүхийг унших шаардлага гарна. Өөрөөр хэлбэл сурвалжийн хэл шаардагдана гэсэн үг. Үүнээс улбаалан армян, перс хэлийг эзэмших хэрэг гарсан. Мөн судалгааны хэл ч шаардагдана. Орос, герман, франц хэлээр унших хэрэг надад тулгарсан. Анх Оксфордын босгыг алхахад сонгодог хэлний мэдлэг бас шаардагдсан, Ереваны Их сургуульд бакалаврт сурч байхдаа сонгодог армян хэл, грек хэлний шалгалт өгч байсан нь хэрэг болсон. Судалгаа хийхэд хэлтэй байх нь судлаачийн амин сүнс гэж хэлж болно.

-Таны судалгааны ажлуудаас тухайлбал, бүтээл төрсөн номуудын агуулга болон хамгийн сонирхолтой дэвшүүлсэн асуудал юу вэ?

-Монголын Эзэнт гүрний түүх хийгээд Ил-хаадын түүхийг XVIII зуунаас эхлэн Франц, Герман, Оросын эрдэмтэд судалж эхэлсэн, өөрөөр хэлбэл монголчууд хожуу судалж эхэлсэн хэрэг. Гаднын эрдэмтэд Монгол судлалд маш их хувь нэмэр оруулсан нь маргашгүй. Гэхдээ өөрийн түүхээ монгол хүн судлах нь давуу болон сөрөг талтай. Давуу тал нь монгол хүний insight буюу доторлох чадвар, бусдын ойлгоогүй зүйлийг өөрөө олж авахад оршино. Сөрөг тал нь сэтгэлийн хөөрөлд автаад “агуу” гэсэн төөрөгдөлд оруулдаг. Иймд би энэ хоёрын дундыг олох гэж их хичээсэн, анхандаа миний концепцийг буруутгах хандлага гарч байсан ч сурвалжийн мэдээг няцаах аргагүй. Түүхэнд болсон муу бүхнийг монголчуудад тохох, зэрлэг бүдүүлгээр дуудах нь ердийн хэрэг байсан, үүний эсрэг дэлхийн түүхнээ монголчуудын оруулсан хувь нэмрийг Америкийн эрдэмтэн Tomas Allsen анхлан дэвшүүлснээр өнөөгийн дэлхийн Монгол судлал, ялангуяа Ил-хаадын судлалд үсрэлт гарсан, үүнд би ч бас хувь нэмрээ оруулсаар явна.

-New Approaches to Ilkhanid History номын гол агуулга Ил хаадын түүх гэлээ. Монголчууд бид Ил хаадын түүхийг Чингис хаан шигээ сүрхий сайн мэддэггүй. Энэ үеийн хаадын түүхээр Та гаднын том их сургуулиудад хичээл заадаг уу. Дотоод, гадаадын их сургуулиудын хичээлийн хөтөлбөр, багшийн ур чадвар, багшлах ёс зүйн  тал дээр ялгаа хэр их байна вэ?

-New Approaches to Ilkhanid History номыг Timothy May, Chris Atwood, бид гурав эрхлэн Brill-ээр гаргасан юм. Өөрөөр хэлбэл редакторласан юм. 2014 онд Монгол Улсын их сургууль дээр “Ил-хаадын судлал, шинэ хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. 18 их сургуулийн Ил-хаадын түүхийг судалдаг эрдэмтэд ирж 3 өдөр хуран чуулсан. Эрдэмтдийн илтгэлүүдийн эмхэтгэлийг монгол хэлээр МУИС 2016 онд хэвлэн гаргасан. Харин New Approaches to Ilkhanid History нь эрдэм шинжилгээний бүтээл, учир нь бүх төрлийн review-г даван гарсан бүтээл юм.

Ил-хаадын түүхээр гадаадын их сургуульд очиж лекц уншиж байсан. Итали, Израил, Япон, Өвөр Монголын их сургуульд уригдсан. Оксфорд, Наполи, Баруун Вашингтоны Их сургуульд хичээл зааж байсан. Дотоод гадаадын их сургуулийн хөтөлбөр өөр хоорондоо ялгаатай, багш нарын хичээлдээ бэлтгэх арга барил бас өөр. Хөтөлбөрт оюутнаас шаардагдах зүйлийг маш нарийн тусгадаг, үнэлэмж нь мэдлэг дээр биш чадварт суурилдаг. Баруун Вашингтоны их сургуулийн жишээгээр бол Монголчууд ба Дундад Дорно гэсэн үндсэн сэдвийг надад өгөхдөө сонголтын олон хувилбартай байхын тулд сэдвийн хүрээнд олон гарчгийг багтаахыг санал болгосон, энэ нь оюутанд сонголтын хувилбарыг илүү чөлөөтэй болгодог юм билээ.

Гол ялгаа нь гаднын сургуульд багшлахаар ирсэн хүн болгон ёс зүйн сургалтад сууж шалгалт өгдөг. Хаалттай хаалганы цаана ёс зүй алдагддаг тул багш хүн оюутан, удирдлагатай уулзахдаа өрөөний хаалгаа заавал нээлттэй байлгадаг, оюутан хүлээж авах цагийг оройн биш өдрийн цагаар тодорхойлдог, тэр үедээ л оюутантай уулздаг. Манай практикт багш байх ёс зүйн шалгуур байхгүй, иймд залуу багш нартай эхнээс нь ёс зүйн үүднээс ажиллах нь зөв гэж боддог.

-Таныг нийгэм, хүмүүнлэгийн салбарынхан хүндэтгэж, хэдэнтээ эксперт, лавлах товчоо гэж хэлж байхтай таарсан. Тухайн үеийн түүхийн судалгааны дээж материал, эх сурвалжууд хэр их олдоцтой хадгалагдаж үлдсэн байдаг вэ. Эрдэмтний хувьд түүхэн он цагийн оньсыг тайлснаар монголчуудын чанд оршин тогтносон түүхэн эх сурвалж, үнэт бүтээл, соёлын гайхамшгийн талаар Та маш сонирхолтой хэсгээс уншигчдад танин мэдвэл зохих үүднээс сонирхуулна уу?

-Миний экспертиз бол монголчуудын талаар бичсэн Армян хийгээд Перс сурвалжууд. Тун удахгүй энэ оны эцсээр Кембрижийн Их сургуулийн хэвлэлээр Cambridge History of Mongol Empire хэмээх хоёр боть бүтээл гарна. Эхний боть нь эрдэмтдийн судалгаа, хоёр дахь нь монголчуудын түүхийг арав гаруй хэлээр бичсэн сурвалжуудын судалгаа юм. Эл ботид Армян сурвалжийн тухай миний бичсэн бүлэг орж байгаа. Үндсэндээ энэ хоёр ботийг манай их сургуулиуд, судалгааны байгууллагууд, Монгол судлалын төвүүд захиалж авах хэрэгтэй. Монголын Эзэнт гүрний түүхийн цогц бүтээл нэгээр нэмэгдэх болно.

Саяхан 2022 онд Улаанбаатарт хэвлүүлсэн перс монгол судлаач Ширин Байанигийн Монголын үеийн Иран дахь эмэгтэйчүүд бүтээлийг Тегераны Их сургуулийн магистр Алтангэрэлийн Анхбаяр, Шинэболдын Бэлгүн нар персээс монгол хэлнээ хөрвүүлснийг би бээр перс эхтэй нь тулгаж редакторласан юм. Зөвхөн энэ бүтээлийг уншиж байхад ашигласан олон сурвалж хийгээд монгол хатдын эрхэмсэг оршихуйн талаар сэтгэл огшихгүй байхын аргагүй. Монгол хаадын ухаалаг үйл ажиллагааны чухал шийдвэр хатадтай нь холбоотойг энэ номоос харж болно.

-Таны бүтээлийн дийлэнх нь англиар хэвлэгдсэн. Монгол эх хэлээр бүтээлийг нь унших юм сан гэж олон уншигч хүлээлттэй байж магад тул Танаас хэзээ, ямар бүтээл төрөх бол оо?

-Монгол хэлээр хэд хэдэн өгүүлэл хийгээд дээр дурдсан Ил-хаадын судлал Шинэ хандлага хамтын бүтээл, Хүлэгү хаанаас Абу Са’ид хүрэл нэг сэдэвт бүтээлийг уншиж болно. Одоогоор Ил- хаадын үеийн хувцас гэсэн сэдвээр нэг бүлэг ажил бичиж байна.

-Мэргэжилдээ дурласан дэлхийн монгол эрдэмтэн гэж Таныг салбарын тань эрдэмтэд тодорхойлох болов уу. Таны нэрийн өмнөх тодорхойлолт зөвхөн Д.Баярсайхан хэмээх хувь хүнийг бус Монголын гэх тодотголтой эрдэмтэн, судлаачдын чанар чансааг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсаны үнэлэмж. Энэ хүртэлх эрдэмтний чанар чансааг шалгах урт замаас өнөөдрийг хүртэлх амжилтыг үргэлжлүүлэхэд бас амаргүй үе тохиож байсан бол тэр дурсамжаас нь хуваалцахыг хүсэж байна?

-Би өөрийгөө олон янзаар тодорхойлуулдаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд явдаг. Харин ямар нэгэн байдлаар доромжлох, гүтгэх, тэр бүү хэл надаас болоод миний шавь нарыг шударга бусаар дарамтлахад би дуугүй суудаггүй. Иймд надад тэрслүү зан чанар бас бий. Гадаад орчинд намайг хүндэлдэг, You Turco-Mongol гэж хэлэх хүн байхгүй болсон байх. Гадаад орны доктор, магистрын оюутнууд миний бүтээлээс эшлэх явдал дэлгэр болж байгааг мэдрэх сайхан. Хүмүүнлэгийн салбарын эшлэл, импакт фактор байгалийн шинжлэх ухаанаас өөр, манай салбар монограф дээр суурилдаг, иймд бүтээлийн үнэлгээ удаан хугацаанд гардаг.

-Гадаадад ажилладаг эрдэмтдийн оюуны үнэлэмж өндөр байдаг. Монголынхоо түүх, соёлын талаар дэлхийн түвшинд таниулж, оюуны хөрөнгө оруулалт хийж яваа Таны судалгааны ажил дууссан уу, эсвэл нэг сэдэв бариад авчихсан уу?

-Эрдэм тэтгэвэрт гардаггүй, би хийх ёстой холын болон ойрын ажлаа нухаад л явж байна. Монголчуудын түүх бол мөнхийн сэдэв. Аль ч үед сонирхол татсаар л байна.

-Аль улсын эрдэмтэн байхдаа бус шинжлэх ухаанд бие сэтгэлээ олон жил тууштай зориулснаар нэг ёсондоо шинжлэх ухааны хөгжлийн хурдасгуур болж, өрсөлдөөн бий болгосноор бусад улс орнууд шинжлэх ухаанд суурилан хөгжиж байна. Энэ талаар Та ямар өөрчлөлтүүд шаардлагатай гэж хардаг вэ?

-Шинжлэх ухааныг бүхэлд нь хэлж чадахгүй байх аа, хүмүүнлэгийн салбарт нэг нэгнээ “агуу” гэж өргөмжлөөд, нэг нэгнээсээ алдаа мадгийг шалгахгүй хуулаад, тэр бүү хэл гаднын бүтээлийг товчлон орчуулж автор гэж нэрээ тавьдаг, түүнийг нь дээрээс дэмжиж урамшуулдаг явцуу аргууд газар авч байгаад их харамсдаг. Хувийн өш хонзон санаж нэг нэгнээ шүүх, цагдаад өгдөг асуудал газар авсныг хүний бус жишээн дээр мэдэж байна. Өөрчлөлтийг дороос биш дээрээс хийх хэрэгтэй юм болов уу. Академик ёс зүй үнэхээр дутагдаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn