
Мал эмнэлгийн хүрээлэн 2022 онд шагналын тэнгэртэй жил байлаа. Онцолбол, Монгол Улсын Төрийн соёрхолт, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Цэвэлийн.Базарцэрэн профессорт “Гавьяат малын эмч” цол хүртээсэн нь тус хүрээлэнгийн хувьд ч, докторын хувьд ч үнэ цэнтэй шагнал юм.
Сумын малын эмчээс ажлын гараагаа эхлэн, морь унаж, эм тариа, багаж хэрэгслээ ганзагалан “Нэгдэл нийгмийн малын эрүүл мэндийн төлөө!” хэмээн нойр хоолоо мартан явсан залуу хүү өнөөдөр Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат малын эмч, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор болжээ. Нас сүүдэр ная гарсан ч тэрээр нэгэн зүйлийн учиг тайлах танин мэдэхүйн сонирхолтой ажил, хамт олондоо татагдан Зайсан дахь Мал эмнэлгийн хүрээлэн, дуртай ажилдаа тэмүүлсээр л явна.
Мэргэжлээ сонгосон түүх нь их сонирхолтой. Анх тэрээр малын эмч болно гэж төсөөлж явсангүй. Өвөрхангай аймагт дунд сургуулиа төгсөөд хот орж, МУИС-д элсэлтийн шалгалт өгч, комиссын хурлаар ороход нь мал эмнэлгийн анги, эдийн засгийн анги гэсэн хоёрхон л сонголт түүнд байв. Энэ хоёр ангийн аль нэгэнд орж оюутан болох, эсвэл нутаг буцах асуудалтай тэр тулгарчээ. Аргагүйн эрхэнд мал эмнэлгийн ангийг сонгож ороод түүндээ жаахан сэтгэл дундуур явснаа дурсан ийнхүү ярьж байсан ч өнөөдрийн өнцгөөс харвал нэг их буруудаагүй мэт. 1960 онд тухайн үеийн нэршлээр ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгсөж, төрсөн Гучин-Ус сумандаа ирж малын хөлийн тоос, малчдынхаа дунд 6 жил гаруй ажиллах хугацаандаа 264 мянга гаруй малд эмчилгээ, үзлэг хийж байсан гэх тоо баримт гар бичмэлд нь үлдсэн байна. Аймгийн Мал эмнэлгийн лабораторид шилжин ирснээр орон нутгийн малд гарсан 9 төрлийн халдварт өвчнийг 200 гаруй удаа оношлон тогтоож, түүнтэй тэмцэх, авах арга хэмжээнүүдийг яаралтай авч, аймаг, сумын эмч нарыг зөвлөмж, арга зүйгээр ханган, удирдан чиглүүлж онолыг практиктай хослуулж дахин мал дээр малчидтайгаа цугтаа 6 гаруй жил ажиллажээ. Нэр бүхийн малын өвчлөл бүгд бактериар үүсдэг болохыг, харин вирусээр үүсгэгддэг өвчнийг дотооддоо хараахан илрүүлээгүй байсан нь малын залуу эмч Ц.Базарцэрэнгийн сонирхлыг татсанаар асуултыг тайлах судалгааны ажилд хөтлөгдөн оржээ.
Энэ үетэй нь зэрэгцэн малын шүлхий өвчний судалгааны ажилтан шалгаруулж авах тухай зарлал олж харснаар хот орж, шалгалт өгөх зөвшөөрлөөр болзолт шалгалтандаа тэнцжээ. Ингээд 1973 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн (МААЭШХ)-гийн Мал эмнэлгийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан болж, эрдэм шинжилгээний сэдэвт ажлуудыг гүйцэтгэн, 1986 онд “Үхрийн дэлэнгийн өмрөө өвчнийг оношлох, сэргийлэх арга боловсруулах нь” сэдвээр Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D), 1999 онд “Арвин ашиг шимт үүлдрийн үхрийн лейкозын эпизотын байдал, түүнтэй тэмцэх арга боловсруулсан нь” сэдвээр Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалж, эрдэмтний дараагийн шат профессор цол хүртсэн байна.
Салбарынхаа хагас зууныг бүтээлцсэн Ц.Базарцэрэн докторын эрдэм шинжилгээний ажил Монгол Улсад анх лейкоз өвчнийг саалийн механикжсан фермийн сүүний үүлдрийн үхэрт илрүүлэн оношилсон бөгөөд уг өвчнөөр сүүний үүлдрийн үхэр илүүтэйгээр өвчлөмтгий, монгол үхэр өвчилдөггүй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон ба тухайн аргачлалыг 21 аймгийн Мал эмнэлгийн газар нэвтрүүлснээр үхрийн лейкоз өвчнийг тандан судалж, эрүүлжүүлсэн нь асар их хувь нэмрээ оруулсныг дурдах хэрэгтэй. Мөн төрөл бүрийн халдварт өвчинтэй тэмцэх заавар, зөвлөмж, төрөл бүрийн вакцин, оношлуур бэлтгэх, хэрэглэх заавар, стандарт, фармакопеин өгүүлэл зэрэг 29 баримт бичиг боловсруулсан нь шинжлэх ухаан, технологийн техникийн ололт, туршлага болж мөрдөгдөж байна. Ялангуяа малд тохиолддог вируст өвчин, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин, тэдгээртэй тэмцэх сэргийлэх арга зам, “Вирус судлалын үндэс” 2 боть, “Мал амьтдын вируст өвчин” 4 боть зэрэг ном, сурах бичиг хэвлүүлснээс гадна дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд монгол, орос, англи хэлээр 62 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн зэргийг өнгөц дурдахад хангалттай бүтээлүүд туурвижээ.
Нас сүүдэр хэдий 80 хэлбийсэн ч цэх шулуун нуруу, хурц ой, ажлын бүтээмжийг нь харвал 60 гаруй насны хүн шиг харагдах басхүү хоёр дахь гэр болсон байгууллага, хамт олноороо одоо ч овоглосон Ц.Базарцэрэн хэмээх шинэхэн гавьяатыг сэтгүүлийн хүндтэй “Нэрийн хуудас” буландаа урьж, дараах ярилцлагыг бэлтгэлээ.
-Таныг мал эмнэлгийн салбарын 80 жилийн ойгоор “Монгол Улсын Гавьяат малын эмч” цол хүртсэнд танай салбарынхан төдийгүй манай сэтгүүлийн хамт олон баяртай байна. Таны гаргасан шинэ бүтээл бүр шинжлэх ухаанд төдийгүй эх орны эдийн засгийн өсөлт, тэр дундаа мал аж ахуйн орон болоход үр дүнгээ үзүүлсэн байдаг тул энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон болов уу?
– Монголынхоо нийт судлаач, эрдэмтэн Та бүхэнд ээ баярлалаа. Монгол Улсын мал сүргийг элдэв өвчнөөс эрүүлжүүлэх, сэргийлэх талаар 60 гаруй жилийн турш бидний хийсэн ажлын үр дүнг төр, засгаас зохих ёсоор үнэлсэнд туйлын баяртай байгаа. Орон нутагт мэргэжлийн дагуу ажиллахдаа төлөвлөгөөт ажлыг амжилттай биелүүлэн, өвчний гаралтыг эрс багасгасны дээр орон нутагтаа малын хамуу өвчнийг устгасан юм. Эрдэм шинжилгээний ажлыг хийх явцдаа зарим халдварт өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлсний дээр сүүлийн 20-иод жил арвин ашиг шимт үүлдрийн үхрийн лейкоз өвчний талаар судалгаа хийж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдолтой чухал асуудлуудыг амжилттай шийдвэрлэхэд хувь нэмрээ өгсөн. Уг өвчнийг оношлох бэлдмэл зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, жил бүр тодорхой хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэж байгаа бөгөөд арвин ашиг шимт үүлдрийн үхрийг лейкозоос эрүүлжүүлэх баримт бичиг боловсруулан батлуулсан нь үр дүнгээ өгч, улсад жил бүр олон сая төгрөгийн хэмнэлт гаргасан нь судалгааны багийнхны эцсийн үр дүн юм шүү дээ.
-Таны хүртсэн шагналууд дотроос Монгол Улсын Төрийн шагналыг онцлохоос аргагүй. Төрийн соёрхлыг зөвхөн тодорхой, онцгой бүтээлд олгодог. Чухам энэ том шагнал дагуулсан судалгааны ажил юу байсан бэ?
-Улс орны хэмжээнд хийгээд тухайн салбартаа тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн тодорхой үр дүнд хүрсэн шинэ бүтээлд Төрийн шагнал олгодог бөгөөд миний бие 1990 онд “Үхрийн дэлэнгийн өмрөөгөөс сэргийлэх вакцин” бүтээлээрээ энэ хүндтэй шагналыг авч байсан. Тухайн жил вирус судлаач Ц.Дашцэрэн “Бог малын шөвөг яраас сэргийлэх вакцин”, Т.Доржготов “Бог малын энзоот зулбах өвчнөөс сэргийлэх вакцин”, Ж.Бэх-Очир “Адуу, тэмээний томуугаас сэргийлэх вакцин”-ыг тус тус бүтээж билээ. Манай хүрээлэнгийнхэн бүгд судлгааны ажлаа бүтээл болгож нэг дор Төрийн соёрхол хүртэж байсныг өнөөдөр дурсахад үнэхээр сэтгэлд ойр, таатай байна. Мөн Сонгинын Био үйлдвэрийн эмч Цэдоо дээрх бэлдмэлийн заримыг үйлдвэрлэхэд оролцсон хувь нэмрийг үнэлэн 1990 онд Төрийн шагналыг олгож байсан.
-Мал эмнэлгийн шинжлэх ухааны судалгааны нарийн ажил болох малын гоц халдварт өвчин судалж, өнөөдрийг хүртэл судалгааны ажилдаа амжилттай хөтлөгдсөн гол түлхүүр Таныхаар юу вэ?
-Хувь заяаны тохиолоор гэх үү өөрийн сонирхсон мэргэжлийн ангидаа орох боломж олдоогүйд сэтгэл дундуур байснаа түрүүн цухас дурдсан. Орон нутагт ажиллаж байхдаа хүртэл мэргэжлээ солих тухай өргөдлөө аймгийн Намын хороонд илгээсэн ч зөвшөөрдөггүй юм билээ. Тэгээд оногдсон тавилантайгаа эвлэрэхээс өөр сонголтгүй болсон тул мал амьтны вируст өвчнийг судлан, тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар эргэлт буцалтгүй сэтгэл шулуудсан нь тэр л дээ (инээв).
-Шинжлэх ухааны судалгааг бүтээгдэхүүн болгож хэрэглээнд нэвтрүүлэхэд багагүй хугацаа шаардагддаг. Харин Таны зарим судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэл, практикт аль хэдийн нэвтэрсэн нь манайх шиг тал дүүрэн сүргээр бэлчээрлэх мал аж ахуйн оронд хамгийн их тусаа өгсөн гээд дурдвал дуусахгүй яриа болно. Хамгийн товчдоо судалгааны ажил хурдан үйлдвэрлэлд нэвтэрч чадсан нь шалтгаантай юу?
– Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, сэдвээ зөв сонгох (relevant). Удаах нь судалгааны үр дүн нь үйлдвэрлэлд шууд нэвтрэх боломжтой (feasable) байх ёстой. Бидний зохион бүтээсэн “Үхрийн дэлэнгийн өмрөөгөөс сэргийлэх вакцин”-ыг уг өвчний тохиолдол үе үе илэрч байсан аж ахуйнуудын арвин ашиг шимт үхэрт хэдэн жил дараалан хэрэглээд тодорхой үр дүнд хүрч, улмаар манай орны арвин ашиг шимт үүлдрийн үхэр сүрэг эрүүлжсэн. Мөн аж ахуйн үхэр сүргийн лейкоз өвчнийг оношлох бэлдмэлийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагууд 30 гаруй жил хэрэглэж амжилттай үр дүнг үзүүлж чадсанд байна.
-Монголын их, дээд сургуулиудын цөөнгүй хичээл сургалтын хөтөлбөртэй уялдсан тодорхой сурах бичиггүй байсан, миний мэдэхийн 1990 оны дунд үе хүртэл хамаарах байх. Харин Таны бүтээлээс харахад хэдэн боть цуврал сурах бичиг гаргасан нь хөдөө аж ахуйн чиглэлээр суралцагчдын гарын ном болсон байна. Судалгааны бүтээл төрөх, ном бүтээх гээд хоёр тусдаа том сэдвийг амжуулсан нь боловсролд оруулсан том хөрөнгө оруулалт гэж онцлохоор байна?
-Манай улсад мал, амьтны вируст өвчний судалгаа харьцангуй сүүлийн жилүүдэд хөгжсөн гэж хэлж болно. Mанай судлаачид вирусээр үүсдэг 20 гаруй өвчнийг оношлон судалж, тэмцэх арга хэмжээ боловсруулсан нь үр дүнд хүрсээр байна. Ер нь олон улсад ч, манай оронд ч мал, амьтанд вирусээр үүсдэг өвчин шинээр оношлогдохоос гадна урьд нь устгасан өвчин дахин илэрч, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсаар байгааг хүн бүр мэднэ. Тийм учраас улс бүр өөрийн боломжоор вирус судлалын ухааныг хөгжүүлэх, үүний тулд мэргэжилтэн бэлтгэх нь тун чухал асуудал юм. Энэ хэрэгцээ, шаардлагыг биелүүлэхэд зориулсан гарын авлага манай улсад хүрэлцээгүй байгааг харгалзан мал эмнэлгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан сурагчид, малын эмч нар, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээний ажилтнууд, сонирхогч нарт зориулж, мал, амьтанд өвчин үүсгэгч вирусийн тухай, мөн вирус, риккетс, микоплазм, хламидаар үүсдэг өвчнүүдийн тухай таван цуврал номыг туурвиж, нийтийн хүртээл болгосон. Одоо зургаа дахь номоо хэвлүүлэхэд бэлэн болгоод байна.
-Та лабораторитой өнөөдрийг хүртэл шимтэн сууж, судалгаагаа үргэлжлүүлж, туршлагаасаа залуустаа өвлүүлж, тэднээс дутахааргүй хүрээлэндээ ажиллаж байна. Таны ойрын төлөвлөсөн ажлыг асууя?
-Миний бие орон нутагтаа мэргэжлийн дагуу 13 жил, хүрээлэндээ 39 жил эрдэм шинжилгээний ажил хийж, улсаас баталсан орон тоон дээр 52 жил ажиллаад 2012 онд тэтгэвэртээ гарсан. Тухайн хүний туулсан зам нь уртсаад, туулах нь багасаад ирэх үед тунгаан бодох шаардлага тулгардаг юм билээ. Ингэж нэлээн бодсоны эцэст урьд нь байсан тэр түвшиндээ үлдэх нь зөв хэмээн шийдсэн учир өөрийн боломжоор, ойр зуурын багаж хэрэгсэл, эм урвалж, шил сав худалдаж аваад жижиг лаборатори тохижуулсан. Одоо тэндээ сайн дураараа сонирхсон ажил, судалгаагаа хийхийн дээр урьд нь хийсэн, туулсан ажлын хэд хэдэн төрлийн тэмдэглэлээ цэгцлэх, улмаар ном болгон үлдээх зорилготой ажиллаж байна. Ингэж ажиллахад манай хүрээлэнгийн хамт олон, үе үеийн удирдлагууд маань бүх талаар дэмжин тусалж, урам хайрлаж байдагт маш их талархан, сэтгэл хангалуун байдаг билээ. Ер нь ямар ч хүн өөрийгөө танин мэдэж, өөрийгөө зөв удирдан, өөдрөг сайхан сэтгэлтэй, өмнөө тавьсан зорилготой тайван амгалан байж, тааллаараа болгоож, ажиллаж амьдрах нь зөв гэж боддог доо.
-Таны хүү вирус судлаач, доктор Б.Болдбаатар, экологич, профессор Б.Болдгив гээд дурдвал үе дамжсан судлаач хүүхдүүд нь салбар салбартаа танигдсан эрдэмтэд болжээ. Тантай мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүүхдүүдэд нь Таны эрдмийн замнал их нөлөөтэй байсных болов уу. Нэг гэрт аав шигээ олон эрдэмтэн төрнө гэдэг сайхан, бас бахархал төрж байна?
-Миний бие ахмадуудынхаа сургаалыг хичээж, өөртөө тодорхой зорилго тавин тууштай ажиллаж, эрдэм номын мөр хөөж өдий хүрсэн нь хүүхдүүдэд маань үлгэр дуурайл болсон байх аа. Хүүхдүүдээс маань Япон, Америк, Герман улсуудад судалгааны ажлуудаар эрдмийн зэрэг амжилттай хамгаалж, дунд хүү маань вирус судлаач доктор болсны дээр хүү, охин хоёр маань бас докторын зэрэг хамгаалсан, отгон хүү маань бүтээлээ туурвиж, бүгд л дор бүрнээ шинжлэх ухааны салбаруудад амжилттай ажиллаж тодорхой хувь нэмрээ оруулж байгаад баяртай байдаг. Эрдмийн зэрэг хамгаалсан хүн “эрдэмтэн” байх ёстой гэж хүүхдүүддээ захидаг. Тиймээс эрдэнэ дунд эрдэнэ бий, эрдэм дунд эрдэм байдаг, алим модноосоо хол унадаггүй гэж хэлдэг дээ.– Эрүүл сайхнаар ажиллаж, удахгүй шинэ бүтээлээ гаргана гэж буйг тань сонсоод залууст маань үлгэр дуурайл авах байх. Таны өдөр тутмын амьдралын хэвшил юу вэ?
-Ажлын хажуугаар чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг, сагсан бөмбөг, волейболын 2, 3-р зэрэгтэй. Өвөрхангай аймгийн шигшээ багт тоглодог байлаа. Өглөө бүр би өөртөө тохирсон дасгал хийж өдрийг эхлүүлдэг. Хувь хүн бүр өөрийн онцлогтой учир өөртөө тохирох дэглэмийг зөв сонгох, түүнийг өөртөө тохируулан бүтээлчээр хэрэглэж хэвших нь чухал юм. Миний хувьд хамт олныхоо дунд одоог хүртэл ажиллаад явж байгаа нь өвөг дээдсийн маань ач буян, сайн хань, сайхан анд нөхөд, ах дүүс, хамт олонтой учирсны өгөөж, дээр нь өөрийн хувь тавилан, хичээл зүтгэлийн үр дүн гэж боддог.
Даруу төлөв зан, төвшин дөлгөөн байдал, яриа хөөрөөг нь ажихуй “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” хэмээх ардын бэлэгт үг өөрийн эрхгүй санагдуулах Ц.Базарцэрэн гавьяатдаа эрүүл энхийг хүсэж, танин мэдэхүйн гэрэлт замаар өнө удаан алхахын ерөөлийг дэвшүүлье!