
Өчигдөр “Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх дараагийн дөрвөн багийн нэрс тодорлоо. Аргентин зорилгоо биелүүлж, Польшийг хожин хасагдах шатанд нэгээр гарч Австралитай таарлаа. Нөгөө талд Франц нэгээр гарч Польштой тоглохоор болов.
Австрали 1 – 0 Дани
Ази тивийг төлөөлөн ДАШТ-д оролцож буй Австрали Лекигийн ганц гоолоор Данийг буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Мэргэжилтнүүд Данийн шигшээ багийг энэ удаагийн ДАШТ-ий битүү морь гэж үзэж, өндөр амжилт үзүүлнэ гэж таамаглаж байсан ч ийн хүлээлтэд хүрсэнгүй.

AL WAKRAH, QATAR – NOVEMBER 30: Mathew Leckie of Australia looks over his shoulder as the ball passes Kasper Schmeichel of Denmark to give the side a 1-0 lead during the FIFA World Cup Qatar 2022 Group D match between Australia and Denmark at Al Janoub Stadium on November 30, 2022 in Al Wakrah, Qatar. (Photo by Youssef Loulidi/Fantasista/Getty Images,)
Австрали нээлтийн тоглолтдоо Францад хожигдсон ч Тунис, Данийг буулган авч, гайхалтай тоглолт үзүүлж, зургаан оноотой хэсэгтээ хоёрт орж хасагдах шатанд шалгарлаа. Тэд ДАШТ-ий түүхэндээ анх удаа хоёр тоглолт дараалан хожсон нь энэ.
Тунис 1 – 0 Франц
Тунис хэсгийн сүүлийн тоглолтдоо Францыг буулган авсан ч хасагдах шатанд шалгарч чадсангүй. Тоглолтын 58 дахь минутад Вахби Хазри гоол оруулж, цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсан.
Францын шигшээ баг хасагдах шатанд шалгарах нь нэгэнт ойлгомжтой байсан учир гарааныхаа гол тоглогчдыг амрааж, залуучуудаа талбайд гаргасан нь ийм үр дүнд хүргэсэн. Тоглолтын сүүлийн минутанд Францын Антуан Гризманн гоол оруулсан ч шүүгч бичлэг үзсэний дараа уг гоолыг тооцоогүй.
Тунис энэ дэлхийн аваргын цорын ганц гоолоо энэхүү тоглолтод оруулж, түүхэндээ анх удаа Европын баг хожиж үзлээ. Тус тоглолтын шилдгээр Вахби Хазри тодорсон.
Саудын Араб 1 – 2 Мексик
Мексик 1978 оноос хойш анх удаагаа хасагдах шатанд шалгарч чадсангүй. Угтаа тэд Польштой оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр хасагдав. Мексикээс энэ өдөр Мартин, Чавез нар гоолдсон бол Саудын Арабаас Салем Аль-Давсари гоол оруулсан.
Мексик энэхүү тоглолтод 3-0 эсвэл 4-1 гэсэн харьцаатай хожсон бол дараагийн шатанд шалгарах байв. Тус тоглолтын шилдгээр Луис Чавез тодорчээ.
Польш 0 – 2 Аргентин
Аргентин энэ тоглолтод заавал хожиж байж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох байв. Үүнийгээ ч ухаарсан нь мэдэгдэж, тоглолтын эхнээс довтолж эхэлсэн. Нэгдүгээр үед Лионель Месси торгуулийн цохилтоос гоол оруулах боломжтой байсан ч түүний цохилтыг Войцех Щесни хаав.
Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад МакАллистер гоол оруулав. Үүнээс удалгүй Хулиан Алварез гоолдож, хүүхэд насныхаа шүтээн Мессид том бэлэг барилаа. Тоглолтын төгсгөлд Польшийн Якуб Кивиор хаалганд орж явсан бөмбөгийг цэвэрлэж, шигшээ багтаа том тус хүргэсэн. Хэрэв тус бөмбөг хаалганд орсон бол Польш бөмбөгний зөрүүгээр Мексикийн доор бичигдэх эрсдэлтэй байв.
Польш 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна. Ийнхүү хасагдах шатанд шалгарсан дараагийн дөрвөн баг тодорлоо.