Д.Амарбаясгалан: Тавантолгой төмөр замыг Монголын төмөр замд шилжүүлнэ

2022-11-30

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийгтанилцууллаа.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ““Эрдэнэс Монгол” ХХК-ийг олон улсын баялгийн сангийн жишигт нийцүүлж, групп компанийн хэлбэрээр ажиллахаар шийдвэрлэж, шинээр удирдлагын багийг томиллоо. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Одоо гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг ерөнхий менежерээр томилсон. Нэг жил гаруйн хугацаанд О.Хулан захирлаар удирдуулсан мэргэжлийн багийн ажлын үр дүнд энэ жил анх удаа ашигтай ажиллах мэдээллийг танилцууллаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн 2014-2021 оны хугацаанд хийсэн санхүү, үйл ажиллагааны хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Эдгээр төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгнө. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг жинхэлсэн” гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил гэсэн байдалтайгаа явж ирсэн. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүндрэл бэрхшээлтэй томоохон асуудлыг барьж авч шийдвэрлэхэд анхаарч байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл компанийг дүрмийн өөрчлөлт оруулж, гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад нь бэрхшээлтэй байгаа зарим зүйлийг шийдвэрлэхэд оршсон. “Эрдэнэс Монгол” нэгдэл дүрмийн өөрчлөлтийг хийж, дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп компанийг бий болгож ажиллана. Энэ нэгдлийн харьяанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагдана. Эдгээрийн ашигт үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет” гэх мэт томоохон аж ахуйн нэгж байдаг. Нэгдсэн менежментийг хэрэгжүүлснээр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болно.

Монгол Улс хөрөнгө оруулалтаараа хоцрогдсон байна. Бодитой яриа хэлэлцээрийг хийхгүй бол эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс хоцрох аюул байна. Энэ онд “Эрдэнэс Монгол” нэгдэлийн 15 жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд тайлан баланс нэг  ч удаа ашигтай гарч байгаагүй. Харин энэ онд анх удаа ашигтай балансыг гаргах боломжтой цаг үедээ ирсэн. Тиймээс Засгийн газраас тодорхой шинэчлэлийг хийж байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэснээр гүйцэтгэх удирдлагыг томилох болон менежментийн үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр авч явахаар болсон. Бодлого нь энэ нэгдэл дээр зангидагдана. Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд шилжүүлэх дүрмийн өөрчлөлтийг хийсэн. Өмчлөл нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газартаа, удирдлага, менежмент нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд төвлөрнө гэсэн үг.

Мөн Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Монголд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам гэх мэт компаниуд хэд хэд бий болсон. Ингэж байгуулсны хор уршгаар тухайн салбар нь хөгжиж чадахгүй байна. Улаанбаатар төмөр замын хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаагаа явуулна. Монгол Улс өөрийн томоохон төмөр замын компанитай болох зорилтыг тавьж ирсэн. Өнөөдрийн хуралдаанаар төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргаж, Тавантолгой төмөр замын удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх шийдвэрлэлээ. Өмчлөлийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалтаар бий болсон компани. Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”, 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ