Хасагдах шатанд Нидерланд, АНУ, Англи, Сенегалтай тоглох бол эзэн Катар ганц оноогүй хасагдлаа

Катар-2022 ДАШТ-ий гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр болж, хасагдах шатанд өрсөлдөх эхний дөрвөн багийн нэрс тодорлоо. Хасагдах шатанд Нидерланд- АНУ, Англи-Сенегал тоглоно.

Нидерланд 2 – 0 Катар

Зохион байгуулагч Катар ДАШТ-ий түүхэд хэсгийн шатанд нэг ч оноо авч чадаагүй анхны зохион байгуулагч баг боллоо. Нидерланд хожсоноор 7 оноотой, А хэсгийг тэргүүллээ. Катарын эсрэг тоглолтод Годи Гакпо, Фрэнки де Йонг нар гоол хийлээ. Гакпо ДАШТ-ий гурван тоглолтод гурван гоол оруулаад байна.

Тоглогчдын ур чадвар, арга барилаар илүү улбар шарууд тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үе эхлээд удаагүй 49 дэх минутад Френки Де Йонг тооны харьцааг холдуулснаар Нидерландчууд хэсгийн нэгдүгээр байраар шалгарав.

Тоглолтын дараа Нидерландын хагас хамгаалагч Мартин де Рун “Бидний зорилго бол ойлгомжтой. Дэлхийн аваргад түрүүлэх. Чамд ийм л сэтгэл зүй байх хэрэгтэй. Эс бөгөөс энд байх хэрэг юу билээ дээ. Биднийг урт удаан зам хүлээж байна. Гэхдээ дараагийн шатанд шалгарч чадлаа. Өнөөдрийн тоглолт ойрхон өрнөсөн. Тэгсэн ч бид тоглолтыг удирдаж хожлоо. Хэсэгт амар тоглолт байсангүй. Эквадор, Сенегал гэх нэрсийг хар л даа. ДАШТ-д амар тоглолт гэж байхгүй. Хэрэв түрүүлэхийг хүсч байвал бүхий л багийг хожих хэрэгтэй” гэжээ.

Эквадор 1 – 2 Сенегал

Эквадор тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах байсан бол Сенегалд гагцхүү хожил хэрэгтэй байлаа. Ийм учир тоглолт эхнээсээ тун ширүүн байлаа. Сенегал тоглолтын эхнээс довтолж, гоолын боломжууд үүсгэж байсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, нэгдүгээр үеийн төгсгөлд Исмаила Сарр торгуулийн цохилтоос гоол оруулав. Хоёрдугаар үед Эквадор хүссэн, хүсээгүй довтлохоос өөр аргагүй болов.

Хоёрдугаар үеийн 68 дахь минутад Эквадороос Мойсес Кайседо гоол оруулж тэнцсэн. Хамгаалалтад шилжсэн Сенегал довтлох хэрэгтэй болж, 70 дахь минутад Калиду Кулибали хожлын гоол оруулснаар Сенегал дараагийн шатанд шалгарлаа.

DOHA, QATAR – NOVEMBER 29: Senegal players applaud fans with a banner of Papa Bouba Diop, on the 2nd anniversary of his death, after their 2-1 victory in the FIFA World Cup Qatar 2022 Group A match between Ecuador and Senegal at Khalifa International Stadium on November 29, 2022 in Doha, Qatar. (Photo by Buda Mendes/Getty Images)

Сенегалын дасгалжуулагч Алиу Сиссе “Би өнөөдрийн ялалтаа эх орныхоо төлөө онцгой зүйлсийг хийсэн, харамсалтай нь өнөөдөр байгаагүй нэгэн эрхэмд зориулъя. Түүнийг Садио Мане гэдэг. Хэсгийн тоглолтоос тэс өөр хасагдах шатны тоглолт биднийг хүлээж байгаа гэдгийг мэдэж байна. Баг бүр л сайн бүрэлдэхүүнтэй, дэлхийн шилдгүүд энд өрсөлдөж байна. Тиймээс бид ирэх тоглолтод сайн бэлдэх хэрэгтэй” гэжээ.

Эквадорын дасгалжуулагч Густаво Алфаро “Энэ ялагдлаас болж үнэхээр хэцүү байна. Бид бүгдэд хэцүү байна. Үнэхээр хүнд цохилт боллоо. Бухимдаж байна. Жижиг зүйлс хүртэл энэ тоглолтод нөлөөлж болно гэдгийг мэдэж байсан ч тийм зүйл энэ тоглолтод боллоо. Бид маш чухал тоглолтод алдаа гаргалаа. Бид хасагдах шатанд шалгарахыг үнэхээр хүссэн. Надад мэдрэгдэж буй энэ өвдөлтийг одоо Эквадорын ард түмэн бас мэдэрч байгаа байх” гэжээ.

Англи 3 – 0 Уэльс

Англичууд харьяа нэгт Уэльсийн шигшээ багийг 3:0-длоо. Тоглолтын эхний үед Уэльсийн хамгаалалт сайн ажиллаж гоол алдаагүй. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй 2 минутын Англичууд хоёр гоол орууллаа. Гоолыг 50 болон 51 дэх минутад Маркус Рашфорд, Фил Фоден нар оруулав.

Улмаар Английн тоглолт илүү итгэлтэй, чөлөөтэй болж 68 дахь минутад Рашфорд хоёр дахь гоолоо оруулж Англи хэсгээс нэгээр гарлаа. Дараагийн учраа нь Африкийн хатуу самар Сенегал байх болно.

Тоглолтын дараа Калвин Филлипс багийнхаа анд Фодены талаар “Би өмнө нь Фоденг гайхалтай авьяастай гэж хэлж байсан. Би түүнтэй өдөр бүр бэлтгэл хийдэг. Түүнийг тоглолтод оролцуулах нь цаг хугацааны л асуудал байсан. Тэр өнөөдөр гайхалтай гоол орууллаа. Түүний өмнөөс баяртай байна. Манай багт олон гайхалтай тамирчид бий. Тиймээс зарим тоглогчид талбайд гарах хэцүү. Гэхдээ хичээнгүй байвал шагнуулах өдөр ирнэ. Би Фодены өмнөөс баяртай байна” хэмээжээ.

Иран 0 – 1 АНУ

Кристиан Пулишичийн оруулсан ганц гоол Ираны хүсэл мөрөөдлийг үгүй хийж, гэртээ харихаас аргагүйд хүргэлээ. Уг тоглолтод Иран хожих зайлшгүй даалгавартай байсан ч чадсангүй. Улстөрийн өнцгөөс харсан ч энэ хоёр багийн тоглолтод Ираныг хожихоос өөр сонголгүй болгож байв. Хоёр баг хоёул эн тэнцүү бөмбөг эзэмшиж байсан ч АНУ-ын довтолгоо илүү аюултай байв. Пулишич нэгдүгээр үеийн 38 дахь минутад гоолдсон. Харамсалтай нь Пулишич гэмтлийн улмаас талбайг чөлөөлсөн. Гоол алдсан Иран хожиж байж хэсгээс гарах учраас довтолгоондоо бүхий л хүчээ зарцуулж байв. Энэхүү тоглолтод Америк ялалт байгуулснаар Английн араас хасагдах шатанд шалгарлаа.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn