Олон гоолтой тоглолтууд, Бразил, Португал хэсгээс гарахаар болсон бол Солонгос, Камерун сайн тоглож байгаа ч мултарсаар

“Катар 2022” ДАШТ-ий хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр үргэлжлэн явагдлаа.

Камерун 3-3 Серби

Камерун болон Сербийн шигшээ багийн тоглолт 3-3-аар тэнцлээ. Нэгдүгээр үед Африкийн баг давамгайлж эхэлсэн. Камеруны төвийн хамгаалагч Жан Шарль Кастеллетто 29 дэх минутад чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг гоол болголоо.

Үндсэн цагт сайн тоглоогүй Сербичүүд, эхний үеийн нэмэлт 6 минутыг үр дүнтэй ашиглаж, 45+1 дэх минутад Страхиня Павловч мөргөж, 45+3 дахь минутад Сергей Милинкович-Савич солгойгоороо цохиж багтаа тэргүүллийг авчирсан.

Хоёрдугаар үед ч Сербийн давамгайлал үргэлжилж довтлогч Александер Митрович гоолдсон. Гэвч Камерунчууд бууж өгөлгүй сэлгээгээр талбайд орж ирсэн туршлагатай довтлогч Винсент Абубакар тооны харьцааг тэнцүүлсэн.

63 дахь минутад хаалгачийн дээгүүр хөөргөж оруулсан бол хоёр дахь гоолын дамжуулалтыг 66 дахь минутад Эрик Максим Чупо Мотингд өгсөн. Серби, Камерун ийн оноо хувааж хэсгээс хэн нь гарахыг сүүлийн тоглолт шийдэхээр боллоо.

Солонгос 2-3 Гана

 

“Катар 2022” ДАШТ-ий H хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт Өмнөд Солонгос болон Ганын шигшээ багийн хооронд болоход 2-3 харьцаагаар Гана хожив.

Тоглолтын эхний 15 минут Өмнөд Солонгосын ширүүн довтолгоо, олон дараалсан булангийн цохилт дунд болж өндөрлөсөн. Ганачууд сайн хамгаалалтын хүчинд Азиудын довтолгоог хамгаалж хэмнэлийг гартаа авсан бөгөөд 24, 34 дэх минутуудад дараалан гоолдов.

Чөлөөт цохилтын байрлалаас уг гоолууд орсон бөгөөд Мохаммед Салису болон Мохаммед Кудус Жордан Айюгийн дамжуулалтыг гоол болгосон. Солонгосчууд хоёрдугаар үед Ли Кан Инийг сэлгээгээр оруулсан нь тоглолтыг сэргээж 58, 61 дэх минутад Чо Ге Сон хоёр удаа мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн.

Ганачууд хариуг нь шуурхай барьж Кудус 68 дахь минутад дахин гоолдлоо. Ийнхүү тоглолт Ганын талд эргэсэн тул давхар хамгаалалтын сэлгээ оруулсан. Солонгосчууд эцсийн шүгэл дугарах хүртэл довтолсоор тоглолт дуусч тэд хожигдов.

Бразил 1-0 Швейцарь

“Катар 2022” ДАШТ-ий G хэсгийн хоёрдугаар тойгийн сүүлийн тоглолт Бразил, Швейцарын шигшээ багийн хооронд болоход 1-0 харьцаагаар Бразил хожлоо.

Олон үндэстнээс бүрдэх Швейцарын шигшээ баг сайн хамгаалалтынхаа ачаар Бразилын хүчирхэг багийг 80 минутын турш тогтоов. Хагас хамгаалагч Касемиру 83 дахь минутад гоолдож багтаа 3 оноо авчирлаа.

Бразил ийнхүү хожсоноор хэсгээс гарах болзлоо хангасан бол Швейцарь сүүлийн тойрогт Сербитэй тоглож хэсгээс гарах эсэхээ шийднэ.

 

Португал 2-0 Уругвай

“Катар 2022” ДАШТ-ий H хэсгийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт Португал болон Уругвайн шигшээ багийн хооронд болж  Португал 2-0 харьцаагаар хожлоо. Португал бөмбөг эзэмшин довтолгооны боломж хайж, Уругвай хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжсээр эхний үе гоолгүй өнгөрлөө.

Харин хоёрдугаар үеийн 54 дэх минутад Бруну Фернандеш гоолдов. Түүний гоолд Роналдугийн хаалгачийг тээнэгэлзүүлсэн үүрэг их байлаа. Уругвай сэлгээ оруулж довтлохоор оролдсон ч бүтэлгүйтэж тоглолтын төгсгөлд торгуулийн цохилт алдаж дахин Бруну Фернандеш 93 дахь минутад гоол оруулснаар Португал хожлоо.

Португал хэсгээс гарах болзлоо хангасан бол Уругвай Ганатай хэрхэн тоглохоос гарах эсэх нь шийдэгдэхээр болов.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn