Х.Нямбаатар: Макаогийн загвараар казино байгуулж, улс орлогын 40 хувийг авна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрын ээлжит хуралдаанаар УИХ-аар хэлэлцэх Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж дэмжжээ. Энэ тухай тус намын бүлгээс мэдээллээ хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг МАН-ын бүлгээс дэмжиж байна” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Аялал жуулчлалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран гадаадын жуулчдын аюулгүй байдлыг ханган ажиллана. Тухайн орон нутгаас аяллын маршрутыг батална. Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг авна. Аялал жуулчлалын шинэ санг байгуулж, дөрвөн чиглэлээр төсвөө зарцуулна.

Тодруулбал, аялал жуулчлалын салбарыг дотоод болон гадаадад сурталчлах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн бий болгоход чиглэнэ. Агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллана.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийнэ. УИХ 1998 онд Казиногийн хуулийг баталсан ч огт хэрэгжээгүй. Одоо аялал жуулчлалын салбарт энэ хуулийг цэнгээнт аялал жуулчлалын чиглэлээр оруулж ирэхгүй бол доголдолтой болно. Бид Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn