Герман арайхийж ганц оноотой болсон бол Марокко гялалзлаа

2022-11-28

Өчигдөр “Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд боллоо.

ЯПОН 0 – 1 КОСТА РИКА

Эхний тоглолтдоо Германыг хожиж, шуугиан тариад байсан Япончууд энэ удаагийн тоглолтод Коста Рикад хожигдлоо. Испанид бут ниргүүлсэн Коста Рика эхний оролдлогоороо гоол хийсэн. Кейшер Фуллер тоглолтын 81 дэх минутад Японы арын шугамын алдааг ашиглаж, багтаа тун чухал хожлыг авчирлаа. Япончууд тооны харьцааг тэнцүүлэх боломжтой байсан ч Кейлор Навас аргагүй дэлхийн топ хэмжээний хаалгач гэдгээ харуулсан. Тус тоглолтын шилдгээр Кейшер Фуллер тодорчээ.

БЕЛЬГИ 0 – 2 МАРОККО

Бельгийн хөлбөмбөгийн алтан үе төгссөнийг энэ тоглолт харуулж Эден Азар нь Азар биш болж, Лукаку гэмтлийн улмаас формгүй, Тибо Куртуа алдаа гаргасан. Тоглолтын 73 дахь минутад Абделхамид Сабири чөлөөт цохилтоос гоол оруулсан. Хурц өнцгөөс шууд хаалга руу цохино гэж Тибо Куртуа бодсонгүй. Бельгийн довтлогчид тооны харьцааг тэнцүүлэх гэж оролдсон ч нэг л болсонгүй. Эсрэгээрээ шүүгчийн мэдлийн нэмэлт 90+2 дахь минутад Закариа Абухлал гоолдож, тоглолтыг шийдлээ. Марокко ийнхүү зургаан тоглолт дараалан гоол алдалгүй явна. Тус тоглолтын шилдгээр Хаки Зиеш тодорчээ.

ХОРВАТ 3 – 1 КАНАД

Тоглолт дөнгөж эхлээд Канадын Алфонсо Дэвис энэ ДАШТ-ий хамгийн хурдан гоолыг орууллаа. Жон Хердманы залуус өнгөрсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын хаалганд дөнгөж 2 дахь минутад гоолдсон нь энэ байлаа. Мөн энэ гоол Канадын ДАШТ-д оруулсан анхны түүхэн гоол байсан. Гэвч Хорватаас Андрей Крамарич, Майер нар дараалан гурван гоол оруулж, залуу Канадын багт хичээл заалаа. Канад дахин нэг тоглох ч, түүнээс үл шалтгаалан нутаг буцахаас өөр сонголтгүй болсон. Тус тоглолтын шилдгээр Андрей Крамарич тодорсон.

ИСПАНИ 1 – 1 ГЕРМАН

Испани хожсон бол Германы нөхцөл байдал тун ээдрээтэй болох байсан. Тоглолтын эхний гоолыг 62 дахь минутад Алваро Мората оруулж, Испани тэргүүлсэн. Ханси Флик ч байдал эвгүйтсэнийг ойлгож, давхар сэлгээнүүдийг тэр дор нь хийсэн. Ялангуяа бэртэлтэй, тоглохгүй гэж байсан Лерой Сане талбайд гарч ирсэн.

Ердөө 11 өдрийн өмнө шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн Фуллкруг энэ өдөр Германы азын од нь байж, Унай Симоны хаалганд гоол оруулж чадсан юм. Угтаа үүнээс өмнө Германаас Антонио Рудигер гоол оруулсан ч отон тоглолтод орсон байжээ.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис Энрике “Дэлхийн аваргын сугалааны дараа бид өөрсдийгөө хоёр тоглолтын дараа хэсгээ тэргүүлнэ гэж хэлсэн бол би итгэх байсан. Хэсгийн сүүлийн тоглолтдоо Японтой тэнцэхэд л хангалттай. Гэхдээ би таамаг төрүүлмээргүй байна. Эцэст нь энэ хэсгийг тэргүүлж байгаадаа баяртай байх хэрэгтэй” гэв.

Харин Германы дасгалжуулагч Ханси Флик “Баг маань өнөөдөр сайн байлаа. Залуусынхаа багийн ажиллагаа, сэтгэл зүйгээр бахархаж байна. Өнөөдөр үнэхээр өндөр түвшний тоглолт үзүүллээ. Ийм л зүйлсийг би багаасаа харахыг хүсч байсан юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхний алхам. Дараагийн тоглолтод үүнээс илүүг хармаар байна. Илүү олон боломж үүсгэмээр байна” гэжээ.

Испани дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн бол тэдний араас гурван оноотой Япон, Коста Рика, нэг оноотой Герман удаалж байна. Энэ дөрвөн багийн аль ч хоёр нь дараагийн шатанд шалгарах боломжтой.

Холбоотой мэдээ