Л.Энх-Амгалан: Сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна, түгжрэл ихсэнгүүт сургууль хаах нь хуучинсаг сэтгэлгээ

Цаг уурын байгууллагаас энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногийн эхэн үед нийслэлд хүйтний эрч эрс чангарахыг анхааруулсан. 

Иймээс Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Цас их орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн” гэж мэдэгдээд байгаа.

Энэ асуудалд ямар байр суурьтай байгааг нь УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Л.Энх-Амгалан “Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ.

Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна” гэлээ.

Цаг агаарын байдал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал сурагчдын амралт эхлэх хүртэл хугацаанд ямар хүндрэл учруулж болох талаарх судалгааг нийслэлийн Боловсролын газраас хийж байгааг тэрбээр хэллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд амарна. Амралт зургаан долоо хоног үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-нд эхлэх юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn