Дэлхийн 4 удаагийн аварга Герман машиныг Японы баг хожлоо

2022-11-24

“Катар-2022” ДАШТ-ий дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Урд өдөр нь Саудын Арабын шигшээ баг Аргентиныг алдарт Месситэй нь буулган авч шуугиан тарьсан бол өчигдөр Японы шигшээ баг Германы хүчирхэг багийг бас 2:1-дэв.

МАРОККО 0 – 0 ХОРВАТ

Африк, Евродын хоёр багийн тоглолтын ихэнхи хугацаа талбайн төвд өрнөж, эцэст нь тэнцээгээр өндөрлөлөө. Харилцан аюултай довтолгоо өрнүүлж байсан ч гоол орсонгүй. Хорватын довтолгоо асуудалтай харагдсан бол Мароккод талбайн төвийн найруулга дутагдалтай байлаа. Хорватын шигшээ баг саяхан л хүчтэй финалд үлдэж шуугиулж явсан. Гэвч эдүгээ явахаа больжээ.

ГЕРМАН 1 – 2 ЯПОН

Дэлхийн 4 удаагийн аварга Германчууд хүсээгүй эхлэлээ тавилаа. Тэд өмнөх дэлхийн аваргаар хэсгээсээ ч гарч чадаагүй. Энэ удаад ч хасагдах шатанд шалгарах эсэх нь эргэлзээтэй боллоо.

Эхний үед турк гаралтай Илкай Гюндоган торгуулийн цохилтоос гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Үүний дараа Серж Гнабри, Жамал Мусиала нарт гоол оруулах сайхан боломж олдсон ч тэд ашиглаж чадалгүй алдсан. Хоёрдугаар үед япончууд солилцоогоо гайхамшигтай хийснээр Рицү Доан, Такүма Асано нар гоолдож ялалт байгуулав.

Тоглолтын дараа Японы дасгалжуулагч Хажимэ Морияасү “Энэ бол түүхэн мөч, түүхэн ялалт гэдэгт би итгэж байна. Японы хөлбөмбөгийг хөгжиж байна гэж үзвэл бид бүтээн байгуулалтыг нь хийж байна. Тоглолтын эхнээс бид шахаж эхэлсэн. Герман ч сайн шахаж байлаа. Бид үүнийг нь мэдэж байсан. Манай бүрэлдэхүүн ухаалаг, тууштай тоглолоо. Тэд үнэхээр сайн тэмцлээ” гэжээ.

Харин Германы дасгалжуулагч Ханси Флик “Тэг оноотой энэ ялагдал биднийг дарамтад орууллаа. Өөр хэлэх үг алга. Бид зөвхөн өөрсдийгөө буруутгаж байна. Эхний хагаст зөв тоглож, 78 хувьтай бөмбөг эзэмшиж, 1-0 гэсэн харьцаатай хожиж байлаа. Хоёрдугаар үед ч сайхан боломжууд гаргасан ч ашиглаж чадсангүй. Япон өнөөдөр зүгээр л үр дүнтэй байлаа. Бид хэзээ ч дэлхийн аваргад гаргаж болохгүй алдаануудыг гаргалаа. Эдгээр зүйлсээ бид сайжруулах хэрэгтэй” гэв.

Японы шигшээ багт тоглож буй бараг бүх тоглогч Европын лигүүдэд хүч үздэшг. Тэр тусмаа Германы клбууудэд олноороо тоглодог нь ийм үр дүнд хүргэх нэг талын ддэмжлэг болов уу.. Мөн тус багийн тоглогчдын хурд үнэхээр тэсрэлттэй байлаа. Тус тоглолтын шилдгээр Японы хаалгач Шүичи Гонда тодорчээ.

БЕЛЬГИ 1 – 0 КАНАД

Канад анхны дэлхийн аваргынхаа анхны тоглолтыг эхлээд удаагүй байхад торгуулийн цохилтоос гоол оруулах сайхан боломж олдсон ч үүнийг нь Алфонсо Дэвис алдчихлаа. Бельгийн Тибо Куртуа ч сайн хаалаа. Канадчууд үнэхээр 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны хоёрт яваа багийг дарамталж байсан ч тоглолтын 44 дэх минутад Бельгийн Миши Батшуайи гоолдож, багтаа ялалт авчирлаа.

Канадын Атиба Хатчинсон 39 нас, 288 хоногтойдоо ДАШТ-ий талбайд гарсан нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн хөгшин тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт орох үзүүлэлт болжээ.

Тоглолтын дараа Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинез “Техникийн хувьд бидний үзүүлсэн хамгийн муу тоглолт байсан уу гэж үү? Тиймээ. Харин хамгийн муу тоглолт байсан уу гэвэл үгүй. Учир нь энэ дэлхийн аваргын ялалт шүү дээ. Бид уг нь өөр тоглолт үзүүлж, сайн хамгаалах ёстой байсан юм. Канадын үзүүлсэн тоглолтод алга таших хэрэгтэй. Гэхдээ бид ялалт хүртэх эрхтэй байлаа. Бид өөрсдийгөө шүүмжилж, сайжрах хэрэгтэй байна. Аргентин, Германд юу тохиолдсоныг харсны дараа ядаж хожил байгуулж, гурван оноо авсандаа баяртай байна” гэжээ.

Канадын дасгалжуулагч Жон Хердман “Өнөөдөр бид хэсгээ тэргүүлэх боломжтой байлаа. Тийм даалгавартай байсан ч үүнийгээ алдчихлаа. Гэхдээ үзүүлсэн тоглолтоороо бахархаж байна. Тамирчид маань талбай дээр бүхнээ гаргаж, энэ тайзан дээр байх эрхтэй гэдгээ харууллаа. Тэд фэнүүдээ баярлуулж, ДАШТ-д байх ёстой гэдгээ харууллаа. Энэ л бидэнд чухал. Бид тэдэнд тоон үзүүлэлтүүдийг үзүүлж, энд тоглох ёстой гэдгийг нь харуулсан” гэлээ. Тус тоглолтын шилдгээр Бельгийн Кевин де Брюйне тодорчээ.

ИСПАНИ 7 – 0 КОСТА РИКА

Испанийн эсрэг Латин Америкийн Коста Рика юу ч хийж чадалгүй олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Испани өрсөлдөгчөө утгаар нь бут ниргэлээ. Дани Олмо, Марко Асенсио, Ферран Торрес, Гави, Карлос Солер, Алвара Мората гээд зургаан өөр тоглогч долоон гоол орууллаа. 18 нас, 110 хоногтой Гави Испанийг төлөөлөн ДАШТ-д оролцсон хамгийн залуу тамирчин болов Тэр тусмаа уг тоглолтын шидгээр тэр шалгарлаа.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис Энрике “Өнөөдөр бидний хувьд онцгой өдөр тохиолоо. Тэмцээний нээлт гэдэг үргэлж бидэнд хэцүү байж ирсэн. Харин өнөөдөр сайн байлаа. Чухал ялалт байгууллаа. Испанийн шигшээ гоол цөөн оруулдаг гэж их л уншдаг байлаа. Харин өнөөдөр гоол оруулахад асуудалгүй, бидэнд гоол оруулах олон тоглогчид байгаа гэдгээ харууллаа” гэсэн бол

Коста Рикагийн дасгалжуулагч Луис Фернандо Суарез “Тэд тоглолтын туршид бөмбөг эзэмшлээ. Бид үүнийг нь ч мэдэж байсан. Бид бөмбөг эзэмшиж, довтолж чадсангүй. Тэд гайхалтай тоглосон бол бид тэгсэнгүй” гэжээ.

Холбоотой мэдээ