
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, дөрвөн чиглэлд авто замын нүхэн гарц шинээр барих болсон талаар мэдээлэв. Зээлийн хэлэлцээрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр байгуулах юм байна.
Тэрбээр “Иргэд түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд юу хийж байгаа вэ гэж их асуудаг. Дунд хугацааны бодлого дээр илүү их анхаарал хандуулж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий.
Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурна” гэлээ.