Covid-19 омикроны VI давалгаанаас сэрэмжлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, томуу болон Covid-19-ийн вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр шинжилгээнд эерэг илэрч байгаа тохиолдол таван хувь болж өссөн ч тархалт хэвийн байна гэлээ. Гэхдээ цөөн аймаг ногооноос шар түвшинд шилжсэн гэдгийг онцоллоо.

Covid-19-ийн хувилбарын тандалтын мэдээгээр Ba-BF1 хувилбар нэг хүнд, BQ1:2 хувилбараар таван хүн өвдсөн. Эдгээр хувилбарын тухайд өмнө нь Монгол Улсад батлагдаагүй байсан ажээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын зургаа дахь давалгаа тархаж байна. Европын холбоо болон бусад улсад тархаад байгаа омикроны дэд хувилбар тархаж байна. Халдварын тохиолдол ч эрс өсч байна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, дотоод орчинд амны хаалт тогтмол зүүж, өөрсдийгөө хамгаалахыг уриалж байна.

Томуу томуу төст өвчин мөн идэвхжиж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийж эхэлсэн. Вакцинд хамрагдалт 42 хувьтай байна гэдгийг мэдэгдсэн.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, анагаах ухааны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр “Covid-19-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдолд дотоодод батлагдаад байна. Гэхдээ эдгээр шинэ дэд хэв шинжүүдээс үүсгэгдсэн тохиолдолд хүндрэл өмнөх хувилбаруудтай ижил байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүнд, хүндэвтэр эмнэлзүйн хэлбэр үүсэхгүй байгаа. Тэгэхээр өмнө нь баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна.

Омикроны өмнөх хувилбараар өвдсөн хүн ч дахин шинэ дэд хувилбараар өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай.

Томуугийн нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгөх нь зүйтэй. 2022 оны 44 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжсэн.

Томуу төст өвчнөөр нийт 8239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1300 нь цочмог хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлгийн тусламж авч байна. Мөн томуугийн бусад вирусуудын тархалт өндөр байгаа юм. Яг одоогийн байдлаар томуугийн тархалт хүмүүсийн дунд идэвхжээгүй. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр тархалт идэвхжих эрсдэлтэй байна.Тиймээс томуугийн вакцинжуулалтад иргэдийг идэвхтэй хамрагдахыг хүсч байна” гэв.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Монгол Улс энэ жил 545 мянган тун томуугийн эсрэг вакцин хүлээж авсан. Өнгөрсөн аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаал гарч томуугийн дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт вакцины 53 хувийг Улаанбаатарт, 47 хувийг орон нутагт хуваарилсан.

Эхний ээлжид тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхныг хамруулж байна.Нийт вакцины 39 хувийг бага насны хүүхдэд, 40.2 хувийг бусад зорилтот бүлэг, 20 хувийг нь жирэмсэн болон ажил мэргэжлийн шаардлагаар хамрагдах хүмүүсийг вакцинд хамруулж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn