С.Энхболд: Шинэ жилийн баярыг тас хориглох боломжгүй, уриалга, зөвлөмжүүдийг хүргэн ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ковид-19 халдвар эрс нэмэгдэж байгаа тул олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, түүнд оролцохгүй байхыг иргэдэд уриаллаа. Мөн олон хүнтэй газар, дотоод орчинд амны хаалтаа зүүх, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөхийг зөвлөлөө.

Мөн тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ “Шинэ жилийн баярыг тас хориглох хэмжээнд хүрээгүй байна, хяналтын түвшинд байна. Харьцангуй хяналтын түвшинд байгаа учраас зөвлөмжүүдийг хүргэн ажиллаж байна. Эмнэлгийн томуугийн ор дүүрээгүй, томуугийн дэгдэлд дээд цэгтээ 12-1 дүгээр саруудад хүрэх учраас хүүхдүүдийн амралтыг наашлуулахгүй” гэлээ.

2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд Kовид-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгджээ.

Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэснээс 1925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn