Ж.Сүхбаатар: Түгжрэлийг богино хугацаанд албадлагын аргаар буюу дугаарын хязгаарлалтаар л шийднэ

2022-11-21

Өнөөдөр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Богино хугацаанд түгжрэлийг шийдэх ид шид гэж байхгүй. Эхний ээлжид захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой. Албадлагын арга хэрэглэхгүйгээр түгжрэлийг бууруулах ямар ч боломжгүй. Миний ажил, албан тушаалын цар хүрээг иргэд ойлгох хэрэгтэй.

Нийтийн тээврийнхэн маш сэтгэлгүй байгаа. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. Бодлогын асуудлыг хариуцсан хүний хувьд би чиглэл өгөх хэдий ч ирэх жил энэ асуудал дахин давтагдах эрсдэлтэй. Бид зам нэмж барьж чадахгүй. Тиймээс аль болох хувийн унаанаас салж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. Эхний шугамаа хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

LRT төслийн тухайд нийслэлээс боломжоороо урагшлуулах байх. Мөн метро байна. Би метрог үгүйсгэдэггүй. Гэхдээ өрийн таазаа харсан ч метро ойрын жилүүдэд боломжгүй. Мөнгөгүй байж би метро явуулна гэж ам гарахгүй. BRT төслийн тухайд 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлнэ. Түгжрэлд хамаарах маршрут чиглэл гаргаад BRT-г явуулах төлөвлөгөөтэй байгаа.

Хэрэв бид нийтийн тээврийн төрөлжсөн хэрэгслийг гаргахгүй л бол түгжрэл буурахгүй. Өнгөн дээрээ бодлого зохицуулж байгаа бидний буруу мэт боловч асуудал нь нийтийн тээврийн олон төрлийн хэрэгсэл байхгүй явдал. Түгжрэлийн сайд нь хаачив гээд байна. Би сүүлийн хоёр долоо хоног Түгжрэлийн тухай багц хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана. Дараа жилийн өвөл дахиад ингээд түгжрээд сууж байхгүйн тулд бид хичээж байна. Түгжрэл бол бидний бодит нүүр царай. Жил ирэх бүрд тэг зогсох магадлал өндөр.

Түгжрэлийг бууруулах хүрээнд бид олон талын судалгаа хийсэн. Нэгдүгээрт, албадлагын аргаар автомашины дугаарын хязгаарлалт тогтоох, хоёрдугаарт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх. Мэдээж албадлагын арга хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа. Гэвч өнөөгийн нөхцөлд үүнээс өөр арга алга. Түгжрэл 1, 3, 5 дахь өдөр их байгаа учраас энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх хэрэгтэй. Дараагаар нь урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Би ерөөсөө зовлон ярих гээгүй. Бодит байдлыг л хэлж байна. Хэдийгээр түгжрэл бууруулах төсөв хасагдсан ч бид ажлаа чадах чинээгээр хийнэ” гэлээ.

Холбоотой мэдээ