
Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн нэг ангийн таван сурагч ухаан алдаж унан, эмнэлэгт хүргэгджээ. Сурагчдыг 22 цагийн үед ЭХЭМҮТ-д ирэн хэвтэн эмчлүүлж байна.
Дөрвөн хүүхдээс нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Аравдугаар сараас эхлэн 2-3 удаагийн давтамжтай хүүхдүүд ухаан алдаж унаж, хордлого тайлах тариа хийлгэж байсан байна.
Эцэг, эхийн төлөөлөл Zarig.mn сайтад өгсөн ярилцлагын үеэрээ тус сургуулийн ахлах ангийн сурагчид агаар сэлгэлт байхгүй, гаражид хичээллэдэг талаар мэдээлэв. Тус сургуулийн хувьд сүүлийн гурван жил ахлан ангийнхан нь анги танхимгүйн улмаас өөр сургуульд хичээллэн, энэ хичээлийн жилээс эхлэн Хүүхэд хөгжлийн төв дээрээ хичээллэх болжээ. Харин ахлах ангийн 3-4 анги гаражийг нь засаж тохижуулан хичээллэх болсон байна.
Хичээл дээрээ хүүхдүүдийн толгой нь өвддөг, гэртээ ирээд зүгээр байдаг гэв. Мөн гараж дээгүүр ариун цэврийн өрөөнүүд байрладаг талаар ч дурьдлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс сургуулийн захиралд хүсэлт тавихад захирал нь “Боловсролын яамнаас орчин нөхцөлөөр хангаагүй байхад бид яах билээ” гэсэн хариултыг өгчээ.
Тус хэрэгт Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.