Д.Амарбаясгалан: Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ, бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхий сайд та хоёр руу янз бүрээр дайрч байна. Үүнийг танай нам доторх хагарал гэж байна. Таныг Ерөнхий сайд болох гэж байгаа хэмээн бичсэн тохиолдол ч байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар сонгогдоод, олон нийтийн эрх ашгийг хувьдаа болон мөн хөрөнгө чинээгээрээ далайлгаж, мөнгө завшиж буй хэсэг бүлэгтэй тэмцэж эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувь, цаашлаад Хөтөл, Дарханы цементийн үйлдвэртэй холбогдоно. Цаашлаад эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монгол Улсын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэгтэй тэмцэж байгаа гэж хэлж болно. Тэр цаг үеэс хойш Ерөнхий сайдыг ч тэр, түүнтэй хамтран зүтгэж байгаа хэсгийг харлуулах, нэр хүндийг унагаах, олон нийтийн дунд үл итгэх байдал бий болгох чиглэлийн ажлууд тогтмол хийгдэж эхэлсэн.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилогдож, олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, бүлэглэлийн хулгайн журмаар явж ирсэн үйл ажиллагааг зохицуулах хяналт тавих ажил хийж байна. Эдгээртэй холбоотойгоор Ерөнхий сайдын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлд саад учруулах зорилгоор хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай зүйлс маш их явуулж байна. Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй богино хугацаанд зохион байгуулалттай байхаар олон зүйл хэвлэл мэдээллээр явж байна.

Мэдээж хэрэг, эрх мэдэлтэй болон эд хөрөнгөтэй хүмүүсийн эрх ашиг газар бүрт хөндөгддөг байх. Гэхдээ ийм байдлаар төрд үнэнчээр, ард иргэдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж буй улстөрчид болон тодорхой албан тушаалтнуудад дарамт шахалт үзүүлдэг байсан нь надад ч  мөн мэдрэгдэж байна. Жишээлбэл, “Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоорондоо хагарчээ, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагааж, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно” гэхчлэн зүйлийг зориуд зохион байгуулалттай хийж байна.

Гэхдээ энийг хийж буй хүмүүсийг АН-ын эрх мэдэлдээ улайрсан зарим нэг нөхдүүдийн хийж буй явдал гэж харж байна. МАН-ыг эв нэгдэлгүй болгож, төрийн хэвийн ажлыг алдагдуулснаар сөрөг хүчин, түүнийг төлөөлж буй зарим нөхдийн хүсэл хангаддаг юм болов уу даа.

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй улс оронд учирч буй дарамтыг амь нэгтэй байж даван туулах нь бидний зорилго. Түүнээс бид албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь Ерөнхий сайд болохын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш ээ. МАН эв нэгдлээрээ бусад аль ч намуудад үлгэр жишээ болохоор нэгдэлтэй нам. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ, бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй.

Харин энэ нам ард түмнээс өгсөн үүрэг, даалгаврыг гүнээ ухамсарлаж, алдаа дутагдал, нийгэмд болохгүй байгаа завхрал, хүнд суртал, авлигаас ангид байхын тулд тэмцэх ёстой. Магадгүй энэ бүхнийг зохион байгуулж буй хүмүүс бий. Тэдний ард ч гэсэн эрх ашиг нь хөндөгдсөн томоохон пүүс компаниуд, бизнес эрхлэгчид байгаа нь харагдаж байна. Эзэмшлийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл энэ нь явж байгааг анзаарах ёстой.

-Нүүрсний хулгайчдыг хэзээ зарлах вэ?

-Нүүрсний асуудлаар БЭТ томилогдсон. Хийгдсэн гэрээ, хэлцэлтэй асуудлууд ид шалгагдаж байна. Хууль, хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мөн ажиллаж байна. Баримттай, нотолгоотой, ул суурьтай асуудалд хандах ёстой. Жишээлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой луйврын хэрэг гурван жил шалгагдсан. Миний олж мэдсэнээр, ойрын хугацаанд шүүхэд шилжиж эцэслэн шийдэгдэнэ. Үүний дараа Хөгжлийн банкны зээлдэгч буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан нөлөөллийг бий болгосон, мөн банкийг банк бус болгосон, Засгийн газар, Ерөнхий сайдын шийдвэрээр ихээхэн хэмжээний зээл олгосон асуудал мөн ойрын хугацаанд шүүхээр шийдэгдэх байх. Энэ хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн асуудал шүүх, хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдэх болно.

-Нүүрсний гэрээг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Энэ тогтоолтой холбоотой алдаа дутагдал гарсан эсэхийг яаж шалгах вэ?

-Нэгдүгээрт, гэрээ Засгийн газрын шийдвэрээр хийгдсэн нь тодорхой. Энэ гэрээг далимдуулж луйврын шинжтэй үйл ажиллагаа явагдсан уу, үгүй юу гэдэг нь хоёр дахь асуудал. Ер нь нүүрсний борлуулалтад анхаарлаа хандуулаад яриад байдаг. Гэтэл нүүрсийг үнэ цэнгүй байлгах буюу уурхайн аман дээрээс нь худалдан авалт хийх сонирхолтой гадаад, дотоодын бүлэглэл байдаг нь тогтоогдсон. Тэдгээр бүлэглэлийн эрх ашиг нүүрсний худалдан авалт гэхээс илүүтэй, нүүрсний тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагаанд нөлөөллөө тогтоох замаар Монголын нүүрсийг үнэ хямдтай байлгах, тэрэнд нь үнэ өртгийг илүү хэмжээгээр шингээж, цаашдаа ашиг олох зорилготой байсныг хууль хяналтын байгууллага зах зухаас нь тогтоож байна.

-МАН-ын яллагдагчаар татагдсан гишүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ?

-Би саяхан хэвлэлүүдэд мэдээлэл өгсөн. Гэм буруугийн асуудлыг шүүхээр тогтооно. Энэ бол хамгийн чухал асуудал. Хэрвээ эцэслэн тогтоогдвол намын хяналтын байгууллага эргэлзээ байхгүй дүрмээ хэрэгжүүлнэ.

-Төсвийн хуулийг дагалдуулан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуульд хоёр Шадар сайдтай болох асуудлыг оруулсан байна. Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуультай хэр нийцэх вэ?

-Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдтай болсон. Анх Засгийн газрын бүтэц хоёр жилийн өмнө төлөвлөгдөж, УИХ-аар орж ирж батлагдах процесс явах үедээ Эдийн засгийн хөгжлийн сайд нь гадаад орнуудтай харилцах үндсэн хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж байх үүрэгтэй учраас Шадар сайдын статустай байх нь зөв юм гэж зорьсон байдаг. 2023 оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газраас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд Монгол Улсын Шадар сайд гэсэн статустай ажиллахаар болсон. Мөн онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд  ажиллана.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn