
АН хэдэн хэсэгт хуваагдаж эрх мэдэл, ашиг сонирхлын дошин дээр цовхчиж байна. Энэ намын ирээдүй цаашид бүрхэг болсон. Гэтэл энэ цаг дор С.Баярцогт гэнэт гарч ирэв.Тэр даруй С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН, Ц.Элбэгдоржийн АН, О.Цогтгэрэлийн АН гэсэн нэршил дээр С.Баярцогтын АН гэх бүлэг бас нэмэгдэв.
Сангийн сайд асан С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийсэн. Авлига авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн хэрэгт шалгагдаж, хоригдож, бүх шатны шүүхээр явсан. Эцэст нь Монгол, Хонконг, Австрали, Швейцар гэсэн дөрвөн улсын хууль хүчний байгууллага шалгаад цагаатгасан болохыг саяхан тэрбээр олны өмнө гарч ирж мэдэгдсэн. Энэ үеэр “Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруулж чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна” гэдгийг ойлгосон.
Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана. Монголын улстөрчид дунд ийм олон улсын хүчний байгууллагаар зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна” хэмээн улс төрд эргэн ирж буйгаа зарлахдаа “Үүлэн чөлөөний нар шиг шинэ боломж гарч ирж байна” гэсэн нь улс төрийн хүрээнд таавар таалгаж орхилоо.
Үүлэн чөлөөний нар бол түр зуурынх л байдаг. АН-д С.Баярцогт гэж залуу гялалзаж, гялтганаж ёстой л үүлэн чөлөөний нар шиг явсан үе бий. Гэвч “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэгчээр Энэ олон үйл явдлын дараа түүнийг хэн ч “Энхийн цагаан тагтаа” гэж хүлээж авахгүй л болов уу. Хэдийгээр өөрөө “Хууль засагладаг төр, хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг нийгмийн төлөө үйл ажиллагаагаа зориулна” гэж байгаа ч нийгэм тийм ч амархан итгэж хүлээж авахгүй байх магадлалтай. Тэр тусмаа 2024 оны сонгуульд С.Баярцогтоор толгойлуулж, туг барьж ороод АН ялалт байгуулна гэхэд итгэхэд бэрх.
Сүүлийн үед С.Баярцогт тарж бутарсан АН-ыг нэгтгэх уулзалтууд хийж байна гэлцэх болов. Яг үнэндээ түүнийг удирдагч гэж хүлээн зөвшөөрч байгаа тус намын гишүүн хэд хэчнээн байгааг бүү мэд. Жирийн гишүүд нь түүний ар дах нууц ноёнтон хэн болохыг мэдчих санаатай таавар таалцаж сууна. Харин нам доторх хөрөнгө мөнгө, эрх ашигт тулгуурласан бүлэглэлүүд нэгдэж нийлэх зүйлүүдээ ярьж байж болох юм.
Тэгвэл Хөгжлийн банкны чанаргүй зээл, “Нүүрсний бүлэглэлийн хулгай”, гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн гэх хэргүүд хууль, хяналтын байгууллагуудаар шалгагдаж, эхнээсээ задарч эхэлж байгаа энэ үед хэн түүнийг гаргаж ирэв. С.Баярцогт хэний хүн бэ гэдэг асуулт гарна. Дээрх хэргүүдийн сэжүүр цухуйх бүрт хүний эрх нэрээр халхавчлан жагсаал цуглаан, элдэв мэдэгдэл хийж, үймээн шуугиан дэгдээж, чуулганы танхимд ч хэрүүл уруул хийж байгаа хүмүүсийг харахад бүгд АН-ынхан байгаа юм.
Үүнд хамгийн их холбогдсон, эрх мэдэл, албан тушаал аливаа зүйлээр өөртөө “аврах хантааз” бэлдэх гэсэн хүн АН-д хэн байж таарах вэ. Мань хүн С.Эрдэнэтэй хэр билээ. Эсвэл Ц.Элбэгдоржийг түшив үү. “Женко” Х.Баттулгын бат цайз болохоор шийдсэн үү. Нэг тогоонд хошуу нийлүүлж явсных Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нартаа үнэнч зүтгэж байна уу.
Ингээд харахад хариу нь бараг тодорхой ч юм шиг. Тэгэхээр С.Баярцогтын Ардчилсан намд юм уу, хэнд гавьяа байгуулах гээд байгаа нь ёстой нөгөө “Үүлэн цоорхойн нар юм уу, өнгө нь хувирах цэцэг юм уу” гэдэг дууны үгтэй адил юм болох вий.