“Номин сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй манайхаас хямд бараа борлуулж болохгүй гэх гэрээ байгуулдаг нь тогтоогдсон”

Номин сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэдэг ч бодит байдал дээр дангаар монополь тогтоож, бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг нь илэрсэн тул 6.9 тэрбумаар торгосон талаар ШӨХТГ-аас мэдээлэв.

ШӨХТГ-т иргэнээс “Оргил супермаркетад Calpis ундаа 3650 төгрөгөөр зарж байсан. Номинд 3900 төгрөг байсан. Үүнийг миний бие “Номин”-д мэдэгдэхэд “Номин”-гоос тус ундаа нийлүүлэгч рүү залгаснаар Оргилд тус ундаа нь Номинтой адил 3900 төгрөгөөр зарагдах болсон” гэх гомдол иржээ.

Гомдлын дагуу шалгалт явуулахад Номин сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй манайхаас хямд бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй гэх гэрээ байгуулдаг нь тогтоогдсон байна.

“Номин” нь бараа нийлүүлэгчтэй “Нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр болон үйлчилгээний газрын үнээс хямд эсвэл адил байх үнийн баталгааг хангасан байна. Хэрвээ хямд үнийн баталгаа хангагдаагүй бол жижиглэнгийн үнийг бусад зах зээл дээрх бусад өрсөлдөгчтэй адил хэмжээнд шинэчлэн тогтооно” гэсэн заалтаар  хийдэг байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Номин ирсэн бараан дээр 30 хувийг нэмдэг. 30 хувиа нэмж болно. Тус дэлгүүр хямд үнийг биш доод үнийг тогтоож байна. Эргээд Оргилын үнийг өсгүүлдэг. Номинд зарагдаж байгаа бүх бүтээгдэхүүн ийм гэрээгээр явж байна. Нийлүүлэгч бараагаа 3000-аар заръя гэж ирж байхад номингийн 30 хувь, дээр нь дараагийн дэлгүүрүүдийн ашгийн хувийг нэмж явдаг байх нь. Хамтран ажиллах гэрээний заалтууд нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн учраас өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувь буюу 6.9 тэрбумын торгууль ногдууллаа. Олон жилийн туршид үнийг өсгөж ирсэн ноцтой асуудал байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn