
УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэрийг сунгах эсэх эцсийн шийдвэр хэрхан гарсан талаар тодруулав.
Үүнд Эдийн засгийн байнгын хорооны дарга П.Цэрэнпунцаг “Ковидын хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусахад ипотекийн зээлийн төлөлт хийгдэх ёстой. Төлөлт хийгдэхгүй байхаар шинээр ипотекийн зээл олгоход хүндрэл үүснэ.
Алслагдсан орон нутаг, сумдад ажиллаж байгаа төрийн алба хаагчдад, малчиддаа ипотекийн зээл авах боломж олгох хэрэгтэй. Ипотекийн зээлийг сум, аймаг, Улаанбаатар дараатай олговол хот руу чиглэсэн нүүдэл суудлыг багасгах үр дүнтэй гэж харж байна.
Зээл авсан 100 мянган өрх, зээл авахаар төлөвлөсөн 200 мянга гаруй өрх байна. Эхний зээл авсан хүмүүс дараагийн хүмүүстээ боломж олгож, хариуцлагаа хүлээж төлөлтөө хийх ёстой” хэмээн хариуллаа.