Шүүхээс Э.Одбаяр нарын таван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо

Өнгөрсөн Баасан гарагт БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргажээ.

Тэднийг цахим үндэстэн арга хэмжээг эсэргүүцсэн NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулан шүүсэн бөгөөд тэднийг гэм буруутайд тооцож, тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оноосон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд:

  • Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:

  • Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn