Б.Баярбаатар: Ирэх сард болох намын Бага хурлаар хэлэлцэх асуудалд Ерөнхий нарийн бичгийн даргын тухай ороогүй

Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчилснээр Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг давхар хашиж байгаа. МАН-ын дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” хэмээн заасан тул уг асуудлаар сэтгүүлчид Хяналтын хорооны даргын байр суурийг сонсжээ. 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Сая товлосон Бага хурлын хэлэлцэх асуудалд Ерөнхий нарийн бичгийн даргын талаар хэлэлцэх тухай ороогүй. Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг шийдвэрлэх эрх нь Бага хуралд бий. Бага хурал хуралдаж байж энэ асуудлаа ярина. Наана нь Удирдах Зөвлөл юм уу хяналтын байгууллага шийдэх боломжгүй. Бага хурлын гишүүний орон тоо гарсан асуудал бий. Энэхүү орон тоон дээр нөхөн сонгууль явуулж, Бага хурлын гишүүнээ сонгох ёстой” гэлээ.

Харин тус намын УЗ-өөр хэлэлцсэн асуудлын талаар “МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаад тарлаа. 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд 30 дугаар их хурлаа хуралдуулж, тогтоолуудыг баталсан. Яг нэг жилийн ой буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааныг зохион байгуулахаар тогтлоо.

Тус Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэнэ” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn