Ургамлын тосны үндэсний үйлдвэр “Хүнсний хувьсгал” аяныг дэмжиж “Үнийн хувьсгал” хийнэ

2022-11-08

Ургамлын тосны “MindTech” компаниас өнөөдөр “Монгол ньюс” төвд хэвлэлийн хурал хийлээ. Тус компани Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” аяныг дэмжиж “Үнийн хувьсгал” хийж байгаа тухайгаа мэдээллээ. Тус компани ургамлын тосны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй экспортлох хүчин чадалтай хэмээн мэдээлж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр “Манай компани өмнө нь импортын ургамлын тосны худалдаа эрхэлдэг байсан юм. Тодруулбал, Аргентин, Орос, Германаас ургамлын тос импортолдог байлаа. Бидний өдгөө үйлдвэрлэж буй тос, хар рапсын тос л доо. Манай ургамлын тос нь органик хөрсөнд тариалсан түүхий эдээр хийдэг бөгөөд транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага гэх мэт олон давуу талтай. Хүний биед амин дэмээр баялаг 100 хувийн цэвэр экологийн бүтээгдэхүүн ургамлын тосыг Монгол хөрсөнд герман рапс үрээр тарьж ургуулан Монголдоо үйлдвэрлэж эхлээд байна. Манай ургамлын тосны хамгийн гол давуу тал бол генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн. Энэ бол манай бүтээгдэхүүний нэрийн хуудас.

Үйлдвэрлэлийн тухайд манай “Сэлэнгэ” үйлдвэр жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улсын ургамлын тосны хэрэглээ жилд 20 мянган тонн байдаг. Хүн амдаа харьцуулаад аваад үзвэл бага үзүүлэлт. Мал амьтны гаралтай тос хэрэглэдэг болохоор тийм байж магадгүй. Гэхдээ хүний биед ургамлын тосноос авах ёстой зүйлс их байдаг юм. Бид дотооддоо хэрэгцээгээ 100 хувь хангаад үлдсэн 10 мянган  тонн ургамлын тосоо гадагшаа экспортлох боломжтой. Үүгээр “Заавал манай бүтээгдэхүүнийг сонго” гэж тулгаж буй хэрэг биш юм шүү. Манай үйлдвэр БНСУ руу 800 тонн ургамлын тос экспортлосон. Мөн манай үйлдвэр заавал гадагшаа экспортлох шаардлагагүй. Бид том улсуудын массын зах зээл рүү орохгүй. Харин эрүүл хүнсний багахан зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ оруулахаар ажиллаж байна. Дээр нь манай улсын хөрс эрүүл. Хоёр жилийн өмнө атрын 60 жилийн ойг тэмдэглэсэн гэхээр маш залуу хөрс гэсэн үг. Эрүүл хөрсөнд ургасан түүхий эдийг Герман, Швед технологиор боловсруулж, бүтээгдэхүүн болгож байгаа нь бидний хамгийн том давуу тал болно.Бид өдөр болгон үздэг зурагтаар зогсоо зайгүй бүтээгдэхүүнээ рекламдаад байж чадахгүй. Тийм учраас ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн, хямд үнэ чанартай бүтээгдэхүүнийг монголдоо тасралтгүйгээр үйлдвэрлэх боломжтой болсон байгаа. Иймд 1 литр тосыг хамгийн хямд үнээр буюу 6600 төгрөгөөр худалдаалах гэж байна. Бусад том худалдааны зах, супер маркетын хувьд Ургамлын тос хамгийн багадаа л 9000-10000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тиймд гэрийнхээ гал тогоонд байгаа гадаадын тоснуудаа Монгол тосоор солихыг уриалж байна.

Манайх анх удаагаа энэхүү үнийн хувьсгалын уриалгыг гаргаж байна. Бусад үндэсний хүнсний үйлдвэрлэл хийж байгаа компаниуд бидний дараа дараагийн үнийн хувьсгалд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

Манайх “Эзэгтэй” брэндээ 2019 онд гаргасан. Түүхий эдийн хангалт төдийлөн сайн байгаагүй учраас бид олон нийтэд таниулах гэж яараагүй. Одоо манай бүтээгдэхүүн Номин, Миний дэлгүүр, зах худалдааны төв, жижиг дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Мөн манай таван литрээр савласан “Оргих” тосыг ресторан, цайны газар, нарийн боовны цех, катерингийн үйлчилгээ эрхлэгчид илүү хэрэглэдэг. Энэ хэрэглээг таслахгүй байхыг хичээсэн. Чанарыг туршиж үзээд л шууд авдаг, рекламдах шаардлага гардаггүй гэсэн үг. Талх чихэр компанийн жигнэмэгийн үйлдвэр эрүүл бүтээгдэхүүндээ манай тосыг хэрэглэхээр гэрээ байгуулсан байгаа.

Нэг литрийн хэмжээтэй “Эзэгтэй” тосыг 6600 төгрөгөөр борлуулна. Сүлжээ болон бусад дэлгүүрүүд бол өөрсдөө үнээ тогтоогоод зарж борлуулдаг. Энэ бол үндэсний үйлдвэрлэгч бидний хүнд цаг үеийг хэрэглэгчидтэйгээ хамт туулахыг хичээж байгаа нэг оролдлого.

Тосны бүтэц ханасан болон ханаагүй гэсэн хоёр хүчлээс бүрддэг. Ханаагүй тос нь хүний биед маш хурдан задарч, шингэдэг. Харин ханасан тос нь удаан шингэцтэй, хүний биед ороод царцдаг гэж болно. Манай бүтээгдэхүүний гол түүхий эд болох рапс ханасан тосны агууламж хамгийн бага буюу 6 хувьтай. Рапсын тос ханасан тосны агууламж хамгийн бага байдаг учраас чанартай, эрүүлд тооцогддог. Товчхондоо ханаагүй буюу сайн тосны агууламж хамгийн өндөр гэсэн үг.

Засгийн газар ургамлын тосны дотоодын үйлдвэрийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлсөн нь маш том дэмжлэг. Учир нь бид тариаланчдаас рапсыг НӨАТ-гүй авдаг. Харин тосоо НӨАТ-тай борлуулдаг. Өөрөөр хэлбэл бид дэмжлэг авах бус 10 хувийн нэмэгдэл ачаа үүрч байна гэсэн үг.

Он дуустал энэ аянаа үргэлжлүүлнэ. НӨАТ-ын чөлөөлөлтийг цаашид үргэлжлүүлбэл цаашид үнэнд өөрчлөлт орохгүй ч байж болно”.

-Ургамлын тосны үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлнө гэж ярьж байсан. Танайхаас өөр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байна уу?

-Байхгүй. Дарханд “Алтан тос” гэж үйлдвэр байсан хэдэн жилийн өмнөөс үйл ажиллагаагаа зогсоосон байна лээ. Рапсаа боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэр ганцхан манайх. Харин савладаг бол байгаа байх.

-Рапсыг хөрсөнд муу ургамал гэцгээдэг.

-Манай тариалагчид рапсыг одооноос тарьж байна. Рапс хөрсөнд муу гэдэг яриа хоёр зүйлээс үүдэлтэй. Нэгд нь хятад шар үр. Энэ үрээр тариалалт хийхийг Хятад хориглосон. Монголд ч тарих зөвшөөрөл аваагүй атлаа хятадууд оруулж ирээд тариад байдаг. Бүр үнэтэй, үнэгүй тарааж, буцааж худалдаж авдаг. Энэ үр техникийн тос гаргаж авах зориулалттай рапс. Монголд үйлдвэрлэлийн ямар ч үр өгөөж байхгүй. Бид үүгээр хүнс хийх боломжгүй. Хүчлийн стандарт хэмжээ 3 хувь байх ёстой байтал энэ үрийнх 30-40 хувь байдаг. Гэхдээ манай том тариаланчид шар үрийг тарьдаггүй, Rapool гээд хар үрээр тарилалт хийдэг болсон.

Хоёрдугаарт, технологийн бус тариалалт. Ямар ч тарималыг нэг хөрсөнд жил дараалан тарьж болдоггүй. Улаанбуудайг ч энэ жил тарьсан хөрсөндөө давтан таривал хөрсний үржил шимгүй болдог. Талбайгаа амраах ёстой. Харин энэ жил улаанбуудай, дараа жил рапс гэж ээлжлэн таривал хөрсөнд ямар ч асуудалгүй.

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үндэсний үйлдвэрлэгч болох “Майнд Тэч” компаний ургамлын тосны “Сэлэнгэ” үйлдвэр байрлаж байна.

Холбоотой мэдээ