ИРГЭД: Яагаад бид өдөр, шөнөгүй ажилчихаад ядуу амьдрах ёстой юм бэ. Цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын төсөвт цалин нэмэх зардал тусгах тэргүүтэй санал, шаардлага хүргүүлэн тайван жагсаал хийж байна.

Нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай иргэд, хөдөлмөрчдийн ажлын байр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэх мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон чухал асуудлууд 2023 оны улсын төсөвт тусгагдаагүй байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнбат :

10 жил ажлаад байр авъя гэхэд байрны үнэ нь хоёр дахин өсчихсөн байна. Инфляци нь 20-30 хувь өсчихөөд байхад цалинг нь 4-5 хувиар нэмж болохгүй.

Тэтгэврийг өвлүүлэх, тэтгэвэр тогтоох жилийг 5 жил болгох зэрэг НДШ-ийн шинэчлэлийг хийхийг шаардаж байна. 10 жилийн хугацаанд 400 ам.доллар дотор эргэлдлээ. Бидний санал шаардлагууд бүрэн үндэслэлтэй.

НДШ-ийн шинэчлэлийг хийх гэсээр байтал 10 жил өнгөрч, хувь хэмжээ нь нэмэгдсээр байна. Бидний төлсөн татвараар хэсэг нөхдүүд бие биедээ зээлүүлж, огт алданги хүү тооцолгүй өдийг хүрлээ. Найдваргүй зээлдэгчдийг зээлийг нь төлүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Монголчууд монголдоо ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байна. Хэлбэр хөөсөн хэлэлцээр хэрэггүй, бодит үр дүн хэрэгтэй байна.

Үнийн өсөлтийг хязгаарлаж, бодит цалин орлогыг нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Тайван жагсаалын үеэр жүжигжин О.Амгаланбаатар нарын иргэдийн төлөөлөл “Дундаж цалинг 1.5 сая болгохыг шаардаж байна. Багш, эмч, сувилаг зэрэг жирийн иргэд бид нар яагаад өдөр, шөнөгүй ажилчихаад ядуу амьдрах ёстой юм бэ. Эрх мэдэлтнүүд дураараа дургиж байхад иргэд бид 600 мянган төгрөгийн төлөө сар ажиллах нь шударга уу? ” зэрэг байр суурийг илэрхийлж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn