
Ардчилсан намаас 2023 оны улсын төсвийн төслийг эргүүлэн татах болон зарим сайд, дарга нарыг ажлаас нь чөлөөлөх шаардлагыг Засгийн газарт хүргүүлснээ мэдэгдэв.
Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат:
Ерөнхийлөгчийн төсөв 26 тэрбум байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын жилийн төсөв 5-7 тэрбум төгрөг байсан. Гэтэл яагаад У.Хүрэлсүхийн төсөв 26 тэрбум төгрөг болчхов. У.Хүрэлсүх ямар Богд Зонхов бурхан уу, нэг л хүний институц. Зөвлөхүүдийн цалин, Тамгын газрынхны цалин гээд жилдээ таван тэрбумын төсөвтэй ажил хийдэг байсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сарын төсөв хоёр тэрбум, өдрийн төсөв 78 сая байна. Бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт төсвөө татаж ав гэх шаардлагыг 2022 оны аравдугаар сарын 17-нд өгсөн.
Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, өнөөдөр дахин шаардлага хүргүүлэх гэж байгаа. Үүнд төсвөө буцааж ав, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ж.Болд нарыг ажлаас нь чөлөөлөх гэх зэрэг таван шаардлага бий.
Хариуг нь арваннэгдүгээр сарын 11-н гэхэд өгч, төсвөө татаж авахгүй бол 14-нөөс бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна.