
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын авто баазын шинэчлэлтэй холбоотой товч мэдээллийг хүргэе. Энэ оны 204 дүгээр тогтоолоор Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах , бүтцийг оновчтой болгох арга хэмжээг авах үүрэг чиглэл өгсөн. Миний бие ахалсан ажлын хэсэг үндсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөхөөр боллоо.
Авто бааз нь 164 тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан албан хаагчтай, жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсныг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулах болно. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтыг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэй байгуулж байна. Орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулна” гэв.