“Цэргийн албанд ажиллаагүй байж хошууч, хурандаа цолтой болчихдог, жирийн үед цэргийн эрээн өмд өмсөж явдгийг цэгцлэх хэрэгтэй”

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох санал яригдаж буй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар томилгоог дэмжиж буйгаа илэрхийлэн, үг хэлэв.

Тэрбээр

“Цэргийн цол, дүрэмт хувцасыг хэрэглэж, өмсөх дээр анхаарахгүй бол цэргийн албанд ажиллахгүй байгаа хүмүүс цэргийн цолтой байх явдлууд олон байна. Сумын Засаг даргаасаа авахуулаад дэслэгч цолтой байна.

Олон нийтийн дунд зэвсэгт хүчний хувцас өмссөн, хилийн цэргийн өмд өмссөн, ахмад хошууч, хурандаа цол зүүсэн хүмүүс яваад байна. Үүнийг цаашдаа цэгцлэх хэрэгтэй.

Хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой эцэг, эхчүүдийн санаа зовоосон асуудал бий. Цэргийн анги байгууллагын доторх дунд шатны дарга нарын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой зүйл байгаа. Цэргийн анги байгууллагууд хугацаат цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад их ажиллуулж байна. Үүнээс болоод эрүүл мэндэд нь аюул учирч байгаа учраас анхаарч ажиллах хэрэгтэй.

Эцэг, эхчүүд хүүхдээ цэрэгт явуулах нь зөв үү үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Тиймээс цэрэгт татагдсан хүүхэд нь хэрхэн сурч хүмүүжиж буй талаар тухайн цэргийн ангид эцэг, эхчүүдтэй харилцдаг утас, албан тушаалтан байлгах шаардлагатай.

Хугацаат цэргийн алба хаагчдад тогооч, барилгын зэрэг мэргэжлийн сургалт орж, сертификат олгодог болмоор байна. Төгсөөд шууд уул уурхайн компанид ч юм уу ажилд ордог бол зүгээр. Цэргийн анги байгууллагаа тохижуулах, ажиллаж, амьдрах орчныг нь сайжруулахад анхаарахыг хүсье” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn