Дуучин Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан этгээд Зэвсэгт хүчний алба хаагч байсан ажээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод буу тулгаж, дээрэмдэхийг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийг Зэвсэгт хүчний … ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн үйлдсэн бөгөөд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө төлүүлэхээр зохион байгуулсан аж.

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад, Зэвсэгт хүчний … дугаар ангийн алба хаагч, 33 настай этгээд үйлдсэн нь үнэн болохыг баталлаа. Гэхдээ одоогоор тухайн этгээд нь мөрийтэй тоглосны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Дээрх хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.

Хэргийн талаар Ч.Уранхолбоо “Мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө өдөр бүрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээж яваа олон хүүхэдтэй эмэгтэйгээр төлүүлэхээр энэ бүхнийг зохион байгуулж дээ. Уг этгээд нь Зэвсэгт хүчний … ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн байх юм.

Үнэхээр өөрөө самбаачилж, богино хугацаанд зугтаагүй бол юу болох байсан бол. Нүдний өмнүүр хүүхдүүд минь л эргэлдэж байлаа .

Төрийн албанд ажилладаг хамгийн их ёс зүй илэрхийлэх хүн ингээд галт зэвсэг хаа дуртай газраа буруугаар ашиглаад бусдын амь насыг хохироохоор завдах нь дэндүү харамсалтай байна. Тэр дундаа мөрийтэй тоглоом тоглож, хууль бус зүйл хийж яваа энэ хүмүүсээ хаацайлмааргүй байна.

Иргэд энэ улсад чинь амьд явах баталгаа алга. Энэ зөвхөн нэг хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал биш. Тиймээс ямар нэгэн байгууллагын эрх ашиг нэр хүндийг хамгаалж хаацайлалгүйгээр энэ хэргийг үнэн зөвөөр, шударга шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn