С.Баярцогт: Миний хэргийг цагаатгасан тул улс төрд идэвхитэй оролцож эхэлнэ

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр /2022.11.01/ Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан.

2022 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын Холбооны Улсын прокурорын тогтоолыг тус улсад байгаа миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна.

Би 500 гаруй хоног шоронд суусан, энэ хугацаанд Монгол Улсад хууль бус хүн засагладаг тогтолцоотойг ойлголоо. Цаашид улс төрд идэвхитэй оролцоно. Хүн биш хууль засагладаг болохын төлөө ажиллана” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn