Архангай, Булган аймгаас самар түүж бэлтгэхийг 2023 оны X сар хүртэл хориглолоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Архангай, Булган аймгийн ойгоос самар түүж, бэлтгэхийг 2023.10.01 хүртэл хориглолоо. Учир нь тус аймгуудад ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглах тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрчээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн оюуны өмчийн газрын Ази, номхон далайн бүсийн хөгжлийн төвийн консул Давид Симонс, зөвлөх Барбара Пик болон Оюуны өмчийн газрын холбогдох төлөөлөлтэй уулзаж, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцов.

Дэлхийн оюуны өмчийн газрын судлаачид хушин ойн өнөөгийн байдалд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд цаашид газар зүйн мэдээлэлд бүртгүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтарч зохион байгуулахаар болов.

“Газар зүйн заалт” гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлдэг.

Монгол орны ойн сангийн 5,17 хувийг эзэлдэг хушин ойгоос дэлхийн хуш модны самрын 30 хувийг түүдэг судалгаа бий.

Эх сурвалж: БОАЖЯ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn