“УБТЗ” ХНН: Цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөж, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна

Хөрш орнуудын хилийн боомтын төмөр замаар экспорт импортын ачаа тээврийн урсгалыг өсгөх гол үндсэн нөхцөл нь галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх явдал юм.

Цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ өнгөрсөн оны эцсээр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хүлээн авах экспортын ачаатай галт тэрэгний тоог эрс багасгасан нь манай улсын экспортын тээврийн хэмжээ багасаж, эдийн засагт үлэмж хүндрэл үүсгэсэн.

Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарч, экспортын тээврийн хэмжээг өсгөхийн тулд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар Хятадын төмөр замд хүсэлт тавьж, хамтран ажилласнаар Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өдөр бүр 14 галт тэргийг Хятадын Эрээн өртөөнд хүлээлгэн өгч эхэлснээр галт тэрэг солилцоо хоёр улсын төмөр замуудын хэлэлцэн тохирсон хэмжээнд хүрээд байна.

Гэсэн ч УБТЗ цар тахлын хүндрэлийн улмаас алдсан боломжоо нөхөж, экспортын тээврийн хэмжээг өсгөхийн тулд галт тэрэг солилцоог улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. УБТЗ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Эрээн өртөөнд гурван ч удаа хоногт 15 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn