Х.Нямбаатар: Тун удахгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа монголчууд нь хэрхэн дээрэмдсэн талаар зарлана

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг танилцуулж байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахгүйгээр гадны хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа тэлэх боломжгүй. Гадны иргэдэд шүүх дээр хэрэг маш уддаг, шийдэгддэггүй гэсэн үнэлэлттэй болсон” гэлээ.

Залилах 37, завших 6, дээрэмдэх 1, хахууль өгөх авах 3, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3 зэрэг гэмт хэргүүд гарчээ. Нийт 57 хэрэг гарснаас 20 хэргийг нь хааж, 15 хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийн 65 хувь нь залилах шинж чанартай байна.

  • Япон улсын иргэн Такахама Кеничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг байгаа. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахаматай Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол  байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан. О.Болдод 6 жилийн хорих ял оноож, 2024 онд ялаа эдэлж дуусна.
  • Иргэн Т.Гочоосүрэн нь Японы томоохон компанийн гүйцэтгэх захирлын орны дор мансууруулах бодис нуусан, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг цагаатгасан.
  • Болд төмөр Ерөө голын хувьцаа эзэмшигч Хятад иргэнээс түүний нягтлан нь 700 орчим сая төгрөгийг завшсан.
  • Нийслэлийн Газар зохион байгуулах албаны удирдах албан тушаалтнууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээд БЗД-ийн нутагт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад давуу байдал олгон “С” компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, Ливан улсын иргэн “Ми”-гийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас “С” гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компанид их хэмжээний хохирол учирсан. “М” өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Ливан улсын иргэний хохироогоод, өөрийнх нь оруулсан барилга байшин газар гээд бүхэлд нь хувьдаа ашигласан хэрэг шүүх дээр явж байгаа.

Мөн “Луйвардсан, залилсан нь тодорхой байхад шүүхээр гэм буруугүйд тооцсон тохиолдлууд ч байна. Дараагийн удаа дотоодын бизнес эрхлэгчдийг манай аваргууд хэрхэн дээрэмдсэн талаар зарлана. Над руу танихгүй дугаараас залгаж, дарамталж байна. Бид үүнтэй эвлэрч болохгүй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn