ЦЭРЭНСОДНОМЫН ГАНБАТ (1957-2022)

2022-10-26

Монголын Улс төр, Нийгмийн зүтгэлтэн, Философийн шинжлэх ухааны доктор, журмын нөхөр Хариад овогтой Цэрэнсодномын Ганбат 2022 оны аравдугаар сарын 24-нд хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ц.Ганбат 1957 оны тавдугаар  сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын 1-р төрөхөд  эцэг Цэрэнсодном, эх  Ичинхорлоо нарын найман хүүхдийн нэг болон мэндэлжээ. Тэрээр  1975  онд Нийслэлийн 23 дугаар  дунд сургуулийг дүүргэж, 1980 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетийг англи хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгсчээ. 1988-1991 онд Москва хотын Нийгмийн Шинжлэх Ухааны Академид “Шинэчлэлийн үе дэх Монголын нийгмийн улс төрийн соёл” сэдвээр Философийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.  

Тэрээр 1980-1982 онд Намын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст туслах ажилтан, 1982-1984 онд Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэст туслах ажилтан, 1984-1988  онд Намын Төв Хорооны Ерөнхий хэлтэст Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах,  1991-1992 онд “Бодрол бясалгал” сэтгүүлийн  Нарийн бичгийн дарга, 1992 – 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм. 1996-2011 онд Монгол Ардын Намын  дэргэдэх “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, 2011-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллажээ. 

2013 оноос орчуулгын ажлаа дагнан хийж, Никколо Макиавелли-гийн “Эзэн Хаан”, Адам Смитийн  “Үндэсний Баялаг”, Жульетто Кьезагийн “Эзэнт гүрнүүдийн дайн: Өрнө ба Дорно” зэрэг томоохон бүтээлүүдийг орчуулан гаргаж, уншигч олны оюуны мэлмийд томоохон хувь нэмэр оруулсан юм. 

Ц.Ганбат ардчилсан  нийгмийн төр, улс төрийн  тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийг түүчээлэгч, нийгмийн  оюун санааг  соён гэгээрүүлэгч байлаа. Онол, улс төрийн “Бодрол, бясалгал” сэтгүүл, “Монголын үнэн” сонинд нийтлүүлсэн олон арван орчуулгын бүтээлүүд, нийтлэлүүд нь түүнийг соён гэгээрүүлэгч гэдгийг батлан хадгалагдаж үлджээ. Тэрээр 2010 онд “Монголын үнэн” сонины 90 жилийн ойгоор “Онолгүй байна гэдэг өөрөө онол” хэмээх эмхэтгэл номоо хэвлүүлэн гаргасан юм.  

Ц.Ганбатын ажил хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнажээ. 

Бидний анд нөхөр Ц.Ганбат маань Монгол Ардын Намд 1984 онд гишүүнээр элсэж байлаа. Удаа дараагийн Их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүнээр ажиллахдаа шинэчлэл, өөрчлөлтийг манлайлсан үйл хэрэг, үзэл санаандаа үнэнч нэгэн  байлаа. 

Эрхэм журмын нөхөр, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Ганбатын маань шинийг эрэлхийлэгч, ардчилал, шинэчлэлийн үзэл санаанд үнэнч, соён гэгээрүүлэгч, манлайлагч үйл хэрэг, шударга, зарчимч, цагаан цайлган, хүнлэг  зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.  

Талийгаачийн гэр бүл, үр, хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээ