ОХУ, Украины “бохир бөмбөг”-ийн асуудлаар НҮБ-д хандав

2022-10-26

Украин улс цацраг идэвхт бодисоор хордуулдаг цөмийн бус зэвсэг хэрэглэхээр бэлдэж буй тухай мэдээллийг ОХУ-ын төлөөлөгч өчигдөр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд танилцуулжээ. Хаалттай хаалганы цаана болсон энэ танилцуулгад НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 15 орны төлөөлөгч оролцсон байна.

“Бид энэ асуудлыг анхаарлын төвд оруулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Ийм зүйл бололгүй өнгөрлөө гээд Орос улс худалчаараа дуудуулах асуудал биш. Учир нь энэ бол дэлхий дахинд аюул учруулж болзошгүй аймшигт гамшиг юм” гэж ОХУ-аас НҮБ-д суугаа орлогч элчин сайд Дмитрий Полянский хэлжээ.

Оросын талын мэдээлж байгаагаар Киевийн эрх баригчид “бохир бөмбөг” бүтээх даалгаврыг өөрийн хоёр байгууллагад өгсөн гэнэ. Гэхдээ энэ талаар баримт нотолгоо үзүүлээгүй байна.

Танилцуулгын дараа Их Британийн НҮБ дахь элчин сайд Жэймс Кариуки “Бидэнд ямар ч шинэ баримт нотолгоо үзүүлсэнгүй, сонсгосонгүй. Энэ бол Оросуудын байнга ярьдаг худал хуурмаг зүйлсийн нэг. Тэд ингэхээ болих ёстой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Баримт нотолгооны талаар сэтгүүлчид асуухад Полянский олж авсан тагнуулын зарим мэдээллээ “Өрнөдийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцсан” гэж хариулжээ. НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага, Вена хотод төвтэй Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг ойрын өдрүүдэд Украины хоёр газарт шинжээчдээ илгээхээр бэлдэж байгаа.

Энэ нь “бохир бөмбөг”-ийн дуулиантай холбогдуулан Киевийн засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу явуулах шалгалт аж. Оросын талын анхааруулж буй “бохир бөмбөг”-ийн асуудлыг Украины засгийн газар болон Өрнөдийн орнууд эрс няцааж байгаа.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг Оросын өөрийнх нь төлөвлөж буй ажиллагааны “оршил хэсэг” гэж тайлбарлаж байна. ОХУ-ын тал энэ долоо хоногт гурван асуудал хэлэлцүүлэхээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд санал оруулаад байгаа.

Эхнийх нь Украины “бохир бөмбөг” байсан бол дараагийнх нь өнөөдөр хэлэлцэх Ираны цөмийн гэрээний хэрэгжилтийн асуудал. Украин болон Өрнөдийн орнууд Иранд үйлдвэрлэсэн дроныг Оросын тал дайнд ашиглаж буй нь 2015 онд тус улстай байгуулсан цөмийн гэрээг зөрчсөн эсэхийг шалгах хүсэлт гаргаад байгаа. Үүний хариуд Оросын тал ийм арга хэмжээ авч байгаа ажээ.

Маргааш буюу Пүрэв гарагт Оросын дэвшүүлсэн гурав дахь асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь Өрнөдийнхөн “Украины нутаг дэвсгэрт биологийн зэвсгийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй тухай асуудал.

Дайн эхэлснээс хойш НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Украинтай холбоотой асуудлаар олон удаа санал хураалт зохион байгуулсан ч тус зөвлөлийн байнгын гишүүн ОХУ хориг тавьснаар үр дүнд хүрээгүй билээ.

Холбоотой мэдээ