
Японы сумод барилдаж Ёкозуна хэмээх дээд цолд нь хүрээд зодог тайлж, буцан ирсэн Асашёорюү Д.Дагвадорж араншингийн хувьд нэлээд бэрх хүн. Тэрбээр хэр баргийн хүнтэй таарч тохирохдоо тааруу. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын номын дүү болж, бүр зөвлөөд явж байсан. Түүний ах нь мөн л үндэсний бөхийн аварга цолтой, одоогийн хотын дарга Д.Сумьяабазар.
Тэдний гэр бүл Монгол циркийг авч, эдүгээ буулгаад цирк тоглох заалгүй болгосныг олон хүн ярьж, бичсээр ирсэн. Тэгвэл энэ ах дүү нар улстөр, банк, эдийн засгийн асуудлуудад нэлээд гүн гүнзгий орооцолдсон. Үүнээсээ болж олон улстөрч, бизнесийнхэнтэй тангараг, тонгорог бололцсон.
Сангийн сайд асан эдүгээ Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын албыг хашиж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай Аса сошиалаар хүчтэй хэрүүл хийж байсан үе бий. Тэр үедээ муусйан дөрвөдийг бүгдийг нь… гэж томорч байсан. Гэвч Увс, Ховдоор тогтохгүй дөрвөд ястанууд түүнийг нэг хэсэгтээ дуугарах боломжгүй болтол нь дайрсан.
Тэгвэл энэ удаа Аса Ч.Хүрэлбаатараас уучлалт гуйж, түүнийг сайд ч хүлээн авч байгаагаа твиттерээр мэдэгдэв. Үүнийг сошиалд идэвхтэй зарим хүн тухайлахад Л.Цандэлэг гуай гэхэд “Зүгээр л Хүрлээ хэрэг болж” хэмээн жиргэж байна. Түүний санаа бодлыг олон хүн дэмжиж байгаа юм.
Нээрээ ч Д.Дагвадорж нарт Ч.Хүрэлбаатар сайд хэрэг болж байгаа нь ойлгомжтой мэт. Хотын дарга ах Д.Сумьяазар нь Ч.Хүрэлбаатар руу нийслэлээс сонгогдсон гишүүдийг дайруулсаар л байгаа. Учир нь Ч.Хүрэлбаатар сайд тэдний хэрэгжүүлэх гэсэн хотын төмөр зам буюу LRT төслийг хэзээ ч хэрэгжүүлэхгүй хэмээдэг билээ.
Тиймээс Ч.Хүрэлбаатар сайд, гишүүнээс уучлалт гуйсны цаана цирк, энэ LRT төсөл, цааш нь ухаж үзвэл Д.Дагвадоржийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк хэмээх асуудлууд бий хэмээн хардах хүмүүс олон байна.