Их Британи улс анх удаагаа Энэтхэг гаралтай өнгөт арьстан ерөнхий сайдтай болов

Даваа гарагт Сангийн сайд асан Риши Сунак эрх баригч намын дотоод сунгаанд өрсөлдөгчгүй ялж, Их Британи улсын шинэ ерөнхий сайд болох болзлоо хангав.

Эдийн засгийн гүнзгий хямралд ороод байгаа тус улс хоёрхон сарын дотор гурван ерөнхий сайд сольж байна. Консерватив намын сунгаанаас ерөнхий сайд асан Борис Жонсон, парламентын нийтийн танхимын тэргүүн Пэнни Мордонт нар нэрээ татсанаар Сунакт Засгийн газраа тэргүүлэх түүхэн боломж гарав.

“Хайртай намдаа үйлчилж, эх орныхоо өмнө маш том үүрэг хүлээсэн нь миний амьдралын хамгийн том аз завшаан юм. Нэгдсэн Хаант улс бол аугаа орон хэдий ч бид эдийн засгийн гүнзгий сорилттой тулгарсан нь эргэлзээгүй. Одоо бидэнд тогтвортой байдал, эв нэгдэл хэрэгтэй” гэж Сунак мэдэгдлээ,

Өнөөдөр тэрбээр Их Британийн хаан Чарльзтай уулзаж, засгийн газраа байгуулах зөвшөөрөл авсны дараа албан ёсоор ерөнхий сайд болно. Ердөө дөрвөн сарын өмнө Сунак ерөнхий сайд Борис Жонсоны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэн сангийн сайдын суудлаасаа огцорч байсан.

Сунак тэргүүтэй хэд хэдэн сайд ийм алхам хийсний үр дүнд Борис Жонсон огцорсон. Дараа нь тэр шинэ ерөнхий сайдын сунгаанд Лиз Трасстай өрсөлдөөд ялагдсан. Гэвч Трасс ердөө 44 хоног ерөнхий сайдаар ажиллаад өнгөрсөн пүрэв гарагт огцорч буйгаа зарласан юм.

Өндөр инфляц, эрчим хүчний үнийн өсөлтөөс ард иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд Трасс 60 тэрбум фунт стерлингийн зардал гаргахын хажуугаар 45 тэрбумын татварыг хөнгөлөх төлөвлөгөө танилцуулсан нь Их Британийн санхүүгийн салбарыг цочролд оруулаад буй.

Эдийн засгаа хямраахгүйгээр хэрхэн инфляц, үнэ тарифын өсөлтийг хязгаарлах нь ойлгомжгүй байлаа. Эцэст нь тэр өнгөрсөн долоо хоногийн эхээр татвар хөнгөлөх ихэнх төлөвлөгөөгөө цуцалсан ч Консерватив намынхан түүний төлөвлөгөөнд нэгэнт итгэхээ больсон байв.

Баасан гарагт Moody’s Investors Service агентлаг Их Британийн дотоод болон гадаад валютын урт хугацааны зээлийн зэрэглэлийг тогтвортойгоос сөрөг болгон өөрчилсөн юм.

42 настай Риши Сунак нь Их Британийн ерөнхий сайд болсон анхны өнгөт арьстан болж байна. Бас анхны хиндү шашинтан ерөнхий сайд юм. Олон нийтийн өмнө өөрийн шүтлэгийн талаар яриад байдаггүй ч түүнийг хиндү шашинтан гэдэг.

Тэрбээр 1980 онд Соутхэмптон хотод энэтхэг цагаачийн гэр бүлд төрж байжээ. Түүний аав эмчээр ажиллаж, ээж эмийн сан ажиллуулдаг байсан юм. Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаж байхдаа тэр ирээдүйн эхнэр Энэтхэгийн тэрбумтан Нараяна Муртигийн охинтой танилцаж байжээ.

Сунак 2015 онд парламентын гишүүн болохоосоо өмнө Голдмэн Сакс банк болон хоёр хувийн хөрөнгө оруулалтын санд ажиллаж байв. Дараа нь тэр 2020 оноос эхлэн энэ оны долдугаар сарыг хүртэл Их Британийн сангийн сайдаар ажиллаж байсан билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn