УИХ тогтоол гаргахгүй, Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгыг ашиглах асуудлыг шийднэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид нийцэхгүй хүдрийн овоолгыг ашиглахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд  хуулийн дагуу шийдвэр гаргана. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Боловсролын тухай багц хуулийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх. Боловсролын тухай нийт таван хууль яригдаж байгаа. Боловсролын ерөнхий хуулийн концефц нэг бүрийг бүлгийн хуралдаанаар авч үзэж, ажлын хэсгүүдийг татан буулгаж нэг ажлын хэсэгтэй болгосон. Мөн түргэвчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх, Судалгааны их сургуулийн хуулийг их, дээд сургуультай нэгтгэж авч үзэхээр болсон. Үүний дараагаар намрын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэнэ.

-Эрдэнэт ТӨҮГ-ын овоолгоос гадна бусад орон нутаг уурхайн овоолгыг авч ашиглах сонирхол бий. Цаашид тодорхой ордуудын хувийг орон нутагт эзэмших асуудлыг Засгийн газар шийднэ гэсэн үг үү?

-Ашигт малтмалын тухай хуулиар лиценз олгох эрх Засгийн газарт байгаа. Овоолготой холбоотой асуудал лиценз эзэмшигчтэй хамаатай. Эдгээрийг Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Тиймээс Ашигт малтмалын хуулийн хүрээнд л явагдана гэсэн үг.

-УИХ-ын дэд даргын томилгоог яаж хийх вэ, МАН-ын бүлэг үүнийг хэзээ хэлэлцэх вэ?

-Томилгооны асуудлыг бүлгийн дараагийн хуралдаанаар ярих байх гэж бодож байна. Учир нь намын дүрэмд заасны дагуу МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байж шийднэ. Нөгөө талаар УИХ-ын дарга гадаад томилолттой байгаа учраас дэд даргын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn