Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Д.Сарангэрэлийг гишүүнээс нь эгүүлэн татах асуудлаар Цэцэд ханджээ

2022-10-20
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

“УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дүгнэлт гаргана гэсэн заалттай. Гишүүн Д.Сарангэрэл нь иргэнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан. Энэ нь Үндсэн хуульд тод томруунаар заасан хүний эрхэд халдсан” гэж үзэж тэрбээр Цэцэд хандсан байна.

Энэ талаар түүний өмгөөлөгчөөр ажиллаж буй Өмгөөллийн Монгол Элч Консалтинг ХХН-ийн өмгөөлөгч Б.Гомбодоржоос тодруулжээ.

Тэрбээр “Цэцэд хандсан хүнд хууль зүйн туслалцаа үзүүлээд ажиллаж байна. Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр нь 2022 оны аравдугаар сарын 4-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар бид өмгөөлөгчөөр нь ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Энэ талаар дүгнэлт гаргаж өгөөч хэмээн Үндсэн хуулийн цэцэд тухайн иргэн  хандсан.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд асан Д.Сарангэрэл Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавихдаа, нийт ард иргэдийн цөөнгүй хэсэг болох 1,520 өрхийг улны айл хэмээн хэлсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан хүнийг хөрөнгө чинээ, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг зөрчлөө гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн тангараг өргөдөг. Ингэхдээ Үндсэн хуулийг чанд сахиж нийтийн эрх ашиг болон улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ гэж заасан байдаг. Энэхүү тангаргаа зөрчиж, тангаргаасаа няцсан хэмээн үзэж байгаа юм” гэлээ.

Түүнчлэн “Энэ нь ямар хуулиудтай уялдаж байна вэ гэвэл, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.10 заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.

Цэцээс дүгнэлт гаргаад тухайн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нь тогтоогдвол шууд УИХ-д дүгнэлтээ хүргүүлнэ. Эгүүлэн татах асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамааралтай. Тэд шийднэ” гэдгийг өмгөөлөгч Б.Гомбодорж хэлжээ.

Холбоотой мэдээ