ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг алиалагчид хэмээсэн нь шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр сошиал хуудастаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээсэн байв.
Тэгвэл өнөөдөр/2022.10.18/ хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл болох Б.Онон, Н.Ариунболд нар түүнийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардав.
Жүжигчин Б.Онон:
Хошин урлагийхныг алиа салбадай гэж доромжлохыг зөвшөөрөхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, нэг ёсондоо төр нь иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод сууж болохгүй. Шүүмж, доромжлол хоёр асар их ялгаатай. Төрийн хүн ямар үг хэлэхээ мэддэг байх ёстой. Төрийн албан тушаалтан хүн хүнийг эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулийг зөрчиж байна. Хошин урлагийнхан сонгуулиар ажилладаг л гэж байна. Үүнийгээ намынхаа дарга нартаа л хэлэх хэрэгтэй. Намайг Ерөнхийлөгчөөс шагнал авсан гэж байна, түүнийгээ Ерөнхийлөгчөөс асуу. Би тэр шагналыг авна гэж гуйгаагүй, гүйгээгүй. Хэрэв миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байна.
Жүжигчин Н.Ариунболд:
Үнэхээр алиа салбадай юм бол бид нарын диплом дээр жүжигчин биш “алиалагч” гээд бичих хэрэгтэй. Албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна. Хошин урлагийнхан өвчтэй, зовлонтой иргэдийнхээ эмчилгээнд зориулж хандивын олон тоглолтуудыг хийсээр ирсэн, хийх ч болно. Тэр тоглолтуудыг үзэж байгаа иргэд юу болох вэ. Гэмтэй хүн гэлбэлзэж, гэмгүй хүн жаргаж үздэг урлаг шүү дээ.