У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-ны морин цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2021-06-11

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн/2021.06.11/ хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 100 хувийн саналаар дэмжлээ.

Тогтоолын төсөлд тангараг өргөх ёслолыг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт зохион байгуулахаар тусгажээ.

Үүний дараа 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж,  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг эцэслэн товлоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн заасан байдаг.

Өмнөх долоон удаагийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч нар ямар хугацааны дараа тангарагаа өргөж байсныг танилцуулъя.

  1. П.Очирбат 1993 оны зургадугаар сарын 6-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 17-нд,
  2. Н.Багабанди 1997 оны тавдугаар 18-нд анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 20-нд,
  3. Н.Багабанди 2001 оны тавдугаар сарын 20-нд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, тавдугаар сарын 28-нд,
  4. Н.Энхбаяр 2005 оны тавдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 24-нд,
  5. Ц.Элбэгдорж 2009 оны тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 18-нд,
  6. Ц.Элбэгдорж 2013 оны зургаадугаар сарын 29-нд дахин сонгогдож, долоодугаар сарын 10-нд,
  7. Х.Баттулга 2017 оны долоодугаар сарын 7-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, долоодугаар сарын 10-нд тус тус тангараг өргөж байжээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ