Д.Тогтохсүрэн нарын Солонгос дахь ХНХҮТ-ийн даргаар тавиулсан Д.Баярмандах гэгч төсвийн мөнгөөр туйлдаг гэнэ

2022-10-18

Манай сайтад ийм нэгэн захидал ирлээ.

“Монгол Улсын даржин төсвөөс валютаар цалингаа авдаг, гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг цөөхөн байгууллагын нэг бол ХНХЯ-ны харьяа, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв.

Өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Нийгмийн даатгалын гэх нэрээр хоёр тусдаа тасаг байсан аж. Тус улсад 40 мянга шахам монгол иргэн ажиллаж, амьдардаг, тэдэнд нийгмийн хамгаалал шаардлагатай, мөнгөний урсгал ихтэйг бодолцон хоёр улсын гэрээ, хэлцлийн дагуу 2016 онд дээрх хоёр тасгийг нэгтгэн эл төвийг байгуулжээ. Энэ төвийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлдэг.

Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаанд орсон иргэн бүрийн олгогдоогүй цалин, хөлс, гэмтэж бэртвэл хуулийн дагуу олговол зохих нөхөн олговор, ослын даатгалын мөнгө зэргийг олгуулах, хилийн чанад дахь монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулж, шимтгэл төлөлтийг хянах, хөдөлмөрийн гэрээгээр тус улсад ажиллаж буй монголчуудад тохиолдсон аливаа асуудлыг шийдэх, гэрээт ажилчдын тоог нэмэгдүүлэхээр ХНХЯ-ны чиг үүргийг БНСУ-д хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага. Төвийн даргаар Б.Тэнүүн ажиллаж байгаад Солонгос улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэст шилжсэн байна.

Түүний оронд Д.Баярмандах хэмээх залуу 2017 оноос тус төвийг удирдахаар томилогджээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй нэг нутаг буюу Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумынх. “УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Чинзоригоос эхлээд олон томчууд миний ард байдаг” хэмээн сайрхан ярьдаг энэ залуу төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулах нь хэрээс хэтэрч, тус төвийн ажилтнууд үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг бужигнах болсон гэх.

БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа тэрбээр тус улсын нэгэн дээд сургуулийн Монголын талын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан юм билээ. Б.Тэнүүнийг өөр ажилд шилжүүлсний дараа нутгийн ах Д.Тогтохсүрэн нь лоббидож байж түүнийг тус төвийн даргаар томилуулжээ.

ХНХ-ын сайдаар томилогдсон Н.Номтойбаяр түүнийг ажлаас нь чөлөөлсөн ч огцорсных нь дараа мөн л нутгийн ах, гишүүдийнхээ тусламжтайгаар дахин тус төвийн даргаар ажиллах болсон, ардаа том татаастай эр.

ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа тус төвийн дотоод журмыг өөрчилж, ажилтнуудыг нь хоёр жил тутамд сэлгэж байхаар болгосон байна. Сайн ажиллаж байгаа ажилтнуудыг нь тус төвийн даргын саналыг үндэслэн мөн хугацаагаар улируулан ажиллуулж болохоор дээрх журамд заасан юм билээ. Сайд асан А.Ариунзаяагийн хийсэн өөрчлөлтийг буруутгах аргагүй. Хаана ч байдаг л журам. Сайн ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ гадаадад тодорхой хугацаагаар томилдог нь байдаг л жишиг. Гадаадад ажиллуулахын тулд ажил албаар нь нэг ёсондоо өрсөлдүүлж байгаа хэрэг. Энэ бүхэн мэдээж хууль, дотоод журмынхаа дагуу явах ёстой. Гэтэл ачир дээрээ бүх томилгоог дотоод журамд заасны дагуу бус, Улаанбаатараас УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, дарга нарын дохио зангаа, тэдний лоббигоор хийх болжээ. Дээрх төвд томилогдон ажиллахаар ирсэн хүн бүрийн ард УИХ-ын хэн нэг гишүүн, сайд, дарга нар байх юм. Соёлт ертөнцөд бол байж болшгүй энэ мэт зүйл монголчуудын хувьд шинэ зүйл биш, гайхаад байх юм биш. Тийм л байсан, одоо ч тийм байгаа. Гадны хүн хэзээ ч ойлгохгүй, сонсвол эвэртэй туулай үзсэн мэт болох иймэрхүү бусармаг зүйлд монголчууд бид дасал болоод удаж байна. Д.Баярмандах ийм бусармаг зүйлийн эрэг шураг, тод жишээ нь. Ажилтнууддаа юм бол УИХ-ын гишүүд, сайд дарга нартай холбоотойгоо, тэдэнтэй ойр гэдгээ ичиж зовохгүйгээр ил тод, бүр сайрхан ярьдгаас нь энэ байдлыг харж болохоор.

Ямар сайндаа л өнгөрсөн тавдугаар сард Монголд ирэхдээ Солонгосоос ихээхэн бэлэг сэлт бэлдэн авчирч, хоёр ч ажилтнаа дагуулан Төрийн ордноор хэсэж, гишүүд, сайд, дарга нарын өрөөгөөр зочилж, тэдэнд өгч явах вэ дээ. Өгч байгаа нь ч тэр, авч байгаад нь ч ёс зүй гэж юм байсангүй. Энэ тухай мэдээлсэн сэтгүүлчийг зандарч, залруулга хийхийг шаардсан гэх мэдээлэл ч байна.

ХНХЯ-наас дээрх төвд 5-аас дээш жил ажиллаж буй 11 хүнийг Монголд шилжүүлэн ажиллуулахаар эрх бүхий даргын тушаал энэ оны эхээр гарчээ. Эл тушаалын дагуу төвийн дарга Д.Баярмандах хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай нэг ажилтнаас бусдыг нь ажлаас нь чөлөөлсөн ч УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын дэмжлэгтэй нь дахин томилогдсоор ар өврийн хаалгагүй дөрөв нь л нутаг буцахаар болсон байна. Ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийг Монголд ямар ажилд шилжүүлэх нь тодорхой бус байсан нь асуудал дагуулсан юм билээ. Яамны эрх бүхий даргын тушаалд ч тодорхойгүй зүйл олон байжээ. Чөлөөлөгдсөн ажилтнууд нь энэ талаар тодруулахад “Та нар Солонгост удсан, бараг ирэхгүй байх. Тиймээс тодорхой ажил санал болгохгүй, ирсэн хойно чинь болно” гэх хариу авчээ.Солонгос дахь төвд эрхэлж байсан ажлыг нь авч, УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын шахааны хүмүүсийг томилох нь л чухал байсан болохоос бус ажлаас нь чөлөөлсөн мэргэжилтнүүд Монголд ирээд юу хийх нь яамны дарга нарт нэг их хамаатай асуудал биш байсан бололтой юм.

Чоно борооноор гэгчээр Д.Баярмандах даргын хууль бус үйлдэл халаа сэлгээний үеэр улам гаарсан гэх. Тэрбээр халагдсан дөрвөн ажилтныхаа 2-8 сая воны цалин, хангамжийг өөрийн дансаараа хувьдаа авч байсан нь тодорхой болоод байгаа гэнэ. Тиймээс зарим ажилтан нь түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа аж. Бидэнд олдсон мэдээлээр Д.Баярмандах даргын хууль бус үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй. Наад зах нь л гэхэд тэрбээр сүүлийн 3 жил гар утасныхаа ярианы болон лизингийнхээ 7.5 сая воны төлбөрийг төсвийн мөнгөөр төлүүлсэн байх жишээтэй. Түүгээр үл барам ажлаасаа чөлөөлөгдөөд байсан хүмүүст цалингаас нь гадна ур чадварын нэмэгдэл хүртэл бодож олгон, өөрийн дансаараа авсан байх юм.

Тус төвийн үйл ажиллагааг ХНХЯ-наас гадна төрийн холбогдох байгууллагаас үе үе шалгадаг ч бүх зүйл хууль, дүрмийн дагуу явж байгаа гэсэн дүнг нэг бус тавиулсан нь Д.Баярмандахын ажлын арга барилтай холбоотойг ажилтнууд нь ярьж явжээ.

Төвөөс шалгалт хийх гэж байгааг Улаанбаатараас түүнд хэн нэг нь мэдээлдэг бололтой. Тиймээс тэднийг ирэхээс өмнө хууль бус үйлдлээ хэрхэн нуухаа төлөвлөдөг төдийгүй шалгалтынхныг онгоцноос тосож авахаас эхлээд ажлыг нь хийлгэхгүйгээр Солонгосоор зугаалуулах, юм үзүүлэх, наймаа хийлгэх, дэлгүүр хэсүүлэх, өгөх бэлэг сэлтийг нь бэлтгүүлж, уулгаж, идүүлж байгаад буцаадаг байжээ.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа олон мянган иргэнийхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалд хамруулах, шимтгэл төлөлтийг хянах үүрэгтэй дээрх төвд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамж, даатгалын салбарт ажилласан туршлагатай мэргэжилтнүүд ажиллах ёстой ч бүх томилгоо УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын хүмүүс очдог юм байна. Томилогдон очиж байгаа хүмүүсийн дунд дээрх салбарт огт ажиллаж байгаагүй, тэр бүү хэл төрийн албаны ямар ч туршлагагүй нэгэн ч байна. Тухайлбал, ажлаасаа чөлөөлөгдсөн дээрх дөрвөн хүний нэгнийх нь ажлыг авахаар очсон бүсгүй ямар ажилд, юу хийхээ ч мэдэхгүй бүлтэлзэн зогсож байжээ. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатын шахааны хүн гэдгийг ажилтнууд нь олж мэдсэн байх жишээтэй.

Ажлын ийм арга барилтай, ардаа УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй “асаалттай танк”-уудтай Д.Баярмандах гэх залууд Монголын хууль үйлчлэх, эсэхийг харж байя.

Салбарын сайдыг оролж байгаагийн хувьд Д.Амарбаясгалан даргаа, хилийн чанад дахь төрийн байгууллагаа шалгаж цэвэрлэх болоогүй юу?” гэжээ.

Холбоотой мэдээ