Зайсангийн уулзвар орчимд Rolls Royce, Mercedes-Benz маркийн автомашин мөргөлдсөн ослыг шалгаж байна

2022-10-17
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Mercedes-Benz, Rolls Royce маркийн автомашин мөргөлдсөн осол өнөөдөр гарсан.

Уг осол зөрчлийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар Тээврийн Цагдаагийн албаны холбогдох эх сурвалж хэллээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн уулзвараас зүүн замд Mercedes-Benz, Rolls Royce маркийн автомашин мөргөлдсөн талаарх дуудлага мэдээлэл өнөөдөр ТЦА-нд бүртгэгдсэн. Улмаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эргүүлийн байцаагч тухайн ослын газарт очиж, хэргийн газрын үзлэг хийсэн.

Осолд холбогдсон хоёр жолоочийг тусгай багажаар үлээлгэж, шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь батлагдсан. Ослын улмаас гэмтсэн хүн байхгүй. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан ахлах байцаагч тус зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэв.

Холбоотой мэдээ